Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонсов
Хятад улсын Ганьсу мужийн Тяньшуй хот дахь "Хэши Пэйсин" цэцэрлэгийн эзэн болон түүний таван ажилтан 200 гаруй хүүхдийг хар тугалгаар хордуулсан хэргээр шийтгүүлжээ.
Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр тус цэцэрлэгийг ажиллуулж байсан Ли Хуйфан гэгч хортой, аюултай хүнс үйлдвэрлэж, худалдсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон байна.
2025 оны долдугаар сард хүүхдүүд өвчилж эхэлсний дараа тус цэцэрлэгийн 247 сурагч, ажилтны цусан дахь хар тугалгын хэмжээ хэвийн хэмжээнээс хэт өндөр байгаа нь тогтоогдсон юм.
Хэргийн мөрдөн байцаалтын дүгнэлтээр "Хэши Пэйсин" цэцэрлэгийн тогооч нар илүү олон хүүхэд татах зорилгоор хоолныхоо "харагдах байдлыг сайжруулахын тулд" хүнсэнд хэрэглэхийг хориглосон будаг ашигласан нь илэрчээ.
Уг будаг дээр хүнсэнд хэрэглэхийг хориглосон тухай тодорхой тэмдэглэгээ байсан хэдий ч тэд үл тоомсорлон байна.
Төрийн өмчийн CCTV сувгийн мэдээлснээр Ланьжоу хотын дунд шатны ардын шүүхээс Ли Хуйфаны 500,000 юань ($74,700)-тай тэнцэх хувийн хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ.
Тус цэцэрлэгийн гүйцэтгэх захирал Жи Жинлин 15 жилийн хорих ял, 300,000 юанийн торгууль хүлээсэн байна.
Мөн тус цэцэрлэгийн гал тогоонд ажиллаж байсан дөрвөн ажилтан тус бүр 6-8 жилийн хорих ял авсан тухай төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
Шүүхийн дүгнэлтэд өгүүлснээр дээрх дөрвөн ажилтан нь Ли болон Жи нарын өгсөн зааврын дагуу хүүхдүүд болон ажилтнуудад өгөх хоолонд хортой, аюултай бодис нэмсэн байна.
Сүүлд хийсэн шинжилгээгээр хоолны дээжүүдэд агуулагдсан хар тугалгын хэмжээ Хятад улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний стандартын хязгаараас 2,000 дахин өндөр байсан нь тогтоогджээ.
"Хэши Пэйсин" цэцэрлэгийн 235 хүүхэд уурын аргаар болгосон улаан чавгатай бялуу, зайдастай эрдэнэ шишийн ороомог идсэний улмаас хар тугалгад хордож, эмнэлгийн тусламж авахад хүрснээр энэхүү хэргийн мөрдөн байцаалт эхэлж байсан юм.
Мөрдөн байцаагчдын тогтоосноор улаан чавгатай бялуу болон зайдастай эрдэнэ шишийн ороомогт агуулагдах хар тугалгын хэмжээ тус тус 1052 мг/кг болон 1340 мг/кг байсан нь хүнсний аюулгүй байдлын үндэсний стандартад заасан 0.5 мг/кг гэсэн хязгаараас олон дахин өндөр үзүүлэлт болжээ.
Хар тугалгын хордлого нь "бага насны хүүхдүүдэд онцгой хортой" бөгөөд "тархи, төв мэдрэлийн системд ноцтой хохирол учруулж болзошгүй" гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үздэг.
Хожим орон нутгийн олон арван албан тушаалтан болон эмнэлгийн ажилтнууд цусны шинжилгээний үр дүнг засварлаж, цэцэрлэгийн хөрөнгө оруулагчаас хахууль авч, энэ явдлыг нуун дарагдуулахыг оролдсон болохыг мөрдөгчид тогтоож байжээ.
Хятад улс энэ явдлын дараа цэцэрлэг, сургуулиудад хоол хүнс нийлүүлэхтэй холбоотой үндэсний удирдамжаа шинэчилсэн юм.
Эдгээр арга хэмжээнд шинээр гарч ирж буй хүнсний багц бүрийг шинжлүүлэх, гурил, будаа, хүнсний тосыг зөвхөн төвлөрсөн худалдааны цэгүүдээс авах зэрэг шаардлага багтсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
