CS2: Манай улсын "NEXVOID" баг Австралид зохиогдсон тэмцээнд түрүүлснээр 11,000 ам.долларын шагнал авлаа
Цахим спортын Counter Strike-2 тоглоомын гуравдугаар зэрэглэлийн Logitech G Pro Series 2026 тэмцээн Австралийн Брисбен хотод зохион байгуулагдаж, өнөөдөр аваргаа тодрууллаа.
Нийт 14 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Австралийн зургаа, Монголын нэг, Хятадын нэг баг өрсөлдөв. Манай улсын "NEXVOID" баг аваргын төлөө Австралийн "FlyQuest" багийн эсрэг тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгууллаа.
Ингэснээр "NEXVOID" баг Азийн чансааны наймдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд дэлхийн чансаагаа 12 байр урагшлуулж, 71 дүгээр байрт орж ирлээ. Мөн түүнчлэн ирэх арваннэгдүгээр сард Сингапурт зохиогдох дэлхийн аварга шалгарах тэмцээнд оролцох магадлалаа 15 хувь болгон нэмэгдүүлж байна. "NEXVOID" баг тухайн тэмцээнд түрүүлснээр 11,000 ам.долларын шагнал авлаа.
Арваннэгдүгээр сарын 15-наас Сингапурт эхлэх PGL Major Singapore-2026 тэмцээнд Азиас таван баг оролцох эрхтэй. Одоогоор М.Азбаяр, Б.Аюуш нарын тоглож буй "BC.Game Esports" баг дэлхийн аваргад оролцох 96 хувийн магадлалтай байгаа бол манай улсын "The MongolZ" багийн эрхээ авах магадлал 92.8 хувьтай байгаа юм. Харин "Chinggis Warriors" багийн оролцох магадлал 51 хувьтай байгаа талаар Counter Strike-2 тоглоомын hltv.org сайт тооцоолжээ.
Манай улсын "The MongolZ" баг маргааш Сербийн Белград хотноо зохион байгуулагдах 1win Private Club-2 тэмцээний хүрээнд Шведийн "Alliance" багийн эсрэг 20:00 цагаас Во3 журмаар тоглох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
