Б.Дашпүрэв: Энэ долоо хоногтоо багтааж улсынхаа хэмжээнд асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 1,750 тонн, орон нутагт 500 тонн АИ-92 төрлийн авто бензинийг түгээгээд байна.
Улаанбаатар хотын 90 хувьд нь Шатахуун Түгээх Станцуудыг (ШТС) хэвийн ажиллуулж эхлээд байна. Нөөц багассантай холбогдолтой урт оочер үүсэж, хонон өнжин дараалсан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ОХУ-д холбогдох албаныхантай хамтран ажиллаж тоо хэмжээг нэмэгдүүлсэн.
- Авто бензиний тухайд 25,000 тонн бүтээгдэхүүн нэмж авах
- Онгоцны түлшний хувьд 5,000 тонн бүтээгдэхүүн нэмж авахаар тохиролцоо хийсэн. Үүний дагуу ачилтыг хийж байна.
Өнөөдөр долоо хоногийн эхлэл Даваа гарагт нийслэлийн хэмжээнд 90 хувьд нь ШТС-уудыг ажиллуулж, шахаж ажиллаж байна.
Компанийн удирдлагуудад маш тодорхой чиглэлүүдийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд өгсөн. 24 цаг тасралтгүй ажиллах, өгөх боломжтой бүх хошуугаар нь шатахуун олгох, иргэдэд хүндрэлгүй үйлчлэх чиг үүргийг өгсөн" гэлээ.
Үргэлжлүүлэн "Өнөөдрийн байдлаар 2,880 тонн авто бензин буулгалтад бэлтгэгдэж байна. Хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа.
Дээр дурдсанчлан 90 хувьд нь олгож, тасралтгүй 24 цаг ажилласны дараа нийслэл хот харьцангуй гайгүй болно. Аймгийн төвүүд рүү хангалтыг зэрэгцүүлээд хийж байгаа. Мөн алслагдсан сумд руу түгээлтийг хийж энэ долоо хоногтоо багтан бүх түвшинд хэвийн болгохоор хичээж ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт ачилт маш бага байсан. ОХУ-ын газрын тосны боловсруулах үйлдвэрүүд технологийн гэмтэл гарч, нэг хоёр хоног ачилт хийгдээгүй. Дахиад 2-3 хоног ачилт бага буюу бид бүхний хэрэглэдгээс бага байсан.
Мөн БНХАУ-аас авна гэж тохирсон бүтээгдэхүүн эхнээсээ ачигдсан. 20 вагон цистерн авто бензин дөхөж явна. Онгоцны түлш 3,000 тонн бүтээгдэхүүнээс 2,000 тонныг Улаанбаатар хот руу татаж авч байгаа.
Энэ долоо хоногтоо багтааж улсынхаа хэмжээнд асуудлаа шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

