Алагдсан болон олзлогдсон Америк цэрэг бүрийг $30,000-аар үнэлэхээ Ираны эрх баригчид зарлалаа

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын цэргийн алба хаагчийн амийг хөнөөсөн болон олзолсон тохиолдол бүрд $30,000-аар шагнах болзлыг Ираны зэвсэгт хүчний удирдлага Ням гарагт зарлажээ.

Хэрвээ эмэгтэй хүн ийм зүйл хийсэн бол шагналыг хоёр дахин өсгөх гэнэ.

Ираны армийн командлагч Амир Хатами иргэдээс ирсэн маш олон тооны хүсэлтийн дагуу уг төлөвлөгөөг боловсруулснаа IRNA агентлагт ярьжээ.

Ойрх Дорнодод долоо дахь сардаа үргэлжилж буй дайны турш Ираны нутаг дэвсгэрт АНУ-ын хуурай замын цэрэг хөл тавьсан тохиолдол байхгүй. Дөрөвдүгээр сард Ираны нутагт унасан онгоцны Америк нисгэгчийг аврах ажиллагаа явуулж байсныг эс тооцвол өөр ийм тохиолдол  гараагүй байгаа.

Хатами яг хаана, хэзээ алагдсан болон олзлогдсон цэргийн тухай ярьж байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.

“Америкийн цэргийн алба хаагчдыг алж, олзолж, хүлээлгэн өгсөн хэн бүхэнд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын армиас $30,000 буюу таван тэрбум томантай тэнцэх хэмжээний шагнал олгоно” гэж тэр мэдэгджээ. Томан нь Ираны 10,000 риалтай тэнцэх хэмжээний мөнгөний албан бус нэр юм.

“Ийм ажил гүйцэтгэсэн Ираны зоригт эмэгтэйчүүд үүнээс хоёр дахин их шагнал хүртэх болно” гэж Хатами нэмж хэлжээ.

Тэрбээр АНУ-ыг Ойрх Дорнодоос гарахыг шаардсан Ираны эрх баригчдын уриалгыг энэ үеэр давтсан байна.

“Тэд Персийн булан, Оманы булан, Ормузын хоолойд нэвтрэх зөвшөөрөлгүй болсон” гэж Хатами мэдэгджээ.

Дайн эхэлснээс хойш нэг сар гаруй хугацааны дараа АНУ-ын F-15 сөнөөгч онгоц Ираны нутаг дэвсгэрт унахад нисгэгчийг нь аврахын тулд 200 орчим цэрэг, 170 гаруй нисэх онгоц оролцсон томоохон ажиллагааг Пентагон зохион байгуулж байв.

Энэ ажиллагааны үеэр Ираны цэргүүд АНУ-ын A-10 довтолгооны нисдэг тэргийг гэмтээж байсан бол Ираны нутагт үлдээхээс аргагүй болсон C-130 тээврийн нисэх онгоцоо АНУ дайсны гарт оруулахгүйн тулд устгаж байлаа.

40 орчим хоног үргэлжилсэн дайн дөрөвдүгээр сард түр гал зогсоох гэрээгээр завсарлаж, дараа нь зургаадугаар сард талуудын гарын үсэг зурсан санамж бичгээр үргэлжилсэн юм.

Гэвч долдугаар сарын эхээр уг санамж бичгээр баталгаажсан тохиролцоо нуран унаснаар талууд үе үе харилцан нэгнийхээ эсрэг агаарын довтолгоо явуулсаар өнөөдрийг хүрээд байна.

Одоогоор мөргөлдөөний гол цэг Ираны өмнөд бүс нутаг болон Ормузын хоолой болоод байгаа.

Дайн эхэлснээс хойш АНУ-ын 17 цэрэг амиа алдсаны сүүлийнх нь долдугаар сард алагдсан юм.

Тэд бүгд Ираны нутаг дэвсгэрийн гадна, Йордан, Ирак зэрэг бүс нутгийн орнуудад амь үрэгджээ.

 

Эх сурвалж: AFP