"Эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй мэдээлэл ирсний дагуу хуулийн байгууллагад хандаж шалгуулж байна"
Интермед эмнэлэгт ирсэн мэдээллийн дагуу эмнэлгийн байранд Зэвсэгт хүчний тусгай алба, тагнуул, онцгой байдлын алба хаагчид ирээд байгаа ба шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Энэ талаар Интермед эмнэлгийн Гүйцэтгэх захирал Я.Нямтогтох "Манай эмнэлгийн үйлчлүүлэгчтэй харилцдаг мэдээллийн шугамаар эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу бид холбогдох хуулийн байгууллагад хандаад арга хэмжээ авч байна. Манай эмнэлэг дээр шуурхай үйл ажиллагаа, эрсдэлийн хороо ажилладаг. Хорооныхоо журмын дагуу албаныханд мэдээлэл өгсөн.
Бид хамгийн түрүүнд үйлчлүүлэгч, эмч нарынхаа аюулгүй байдлын үүднээс эмнэлгээ чөлөөлөөд байна. Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Шалгалт дууссаны дараа эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Эмнэлгийн хашаан доторх бүхий л байгууламжийг шалгаж байна. Хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
Хөнгөн өвчтөнүүдээ гаргасан. Мэс засал болон хүнд өвчтэй цөөн хүмүүс эмнэлэг дотор байгаа үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Тагнуулын байгууллагаас урьдчилсан байдлаар мэдээлэл гаргаагүй байна. Холбогдох байгууллагууд нь шалгалтынх нь дараа мэдээлэх байх.
Хүмүүсийн аюулгүй байдлыг бодож цаг авсан хүмүүсийн цагийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авч байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




