Ж.Сандагсүрэн: Нийслэлийн засаг даргаар ямар ч хүн ирсэн маш хүнд нөхцөл байдалд ажиллана
Нийслэлийн Монгол Ардын Намын (МАН) тэргүүлэгчид яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан тус намын тэргүүлэгч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн "Намын хорооны тэргүүлэгчдээс ямар бодлого баримталж байгаа талаар мэдээлэл яригдана. Нийслэлийн засаг даргаар ямар ч хүн ирсэн маш хүнд нөхцөл байдалд ажиллана.
Сүүлийн гурван томилгоо УИХ-аас бууж ирж ажилласан тохиолдол байсан. Түүний өмнө нутгийн удирдлагын байгууллага дотроосоо нэрээ дэвшүүлээд удирдаад явж байсан түүхтэй. Одоогийн нөхцөл байдалд хариуцлага хүлээгээд авч явах хүн хэрэгтэй. Хуулиараа намаас санал болгоод НИТХ хэлэлцээд Ерөнхий сайд руу өргөн барих ёстой. 4-5 хүний нэр яригдаж байна. Б.Пүрэвдавга бол 2016-2020 онд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Нийслэлийн засаг даргыг иргэд сонгоод Ерөнхий сайд нь УИХ-аас сонгогдчихвол нэгдмэл улсын сонгуулийн тогтолцоо шал өөр нөхцөл байдал руу хөтөлнө. Хэрэв нийслэлийн засаг дарга ард иргэдээс сонгогдвол цаашдаа ерөнхийлөгчийн засаглал руу хөтөлчихдөг гэсэн олон улсын судалгаа бий. Монгол Улсын хүн амын 50 хувиас сонгогдсон нийслэлийн засаг дарга эрх болоод хүч чадлын хувьд дийлдэхгүй болно.
Махны үнийг хөөрөгдөөгүй. Зах зээлийн зарчмаар хаварт махны үнэ өсдөг. Махны үнийг буулгадаг арга хэмжээний нэг нь намар хямд байх үед нөөцлөөд хавар хямдралтай үнээр борлуулдаг. Энэ жилийн хувьд тодорхой үр дүнд хүрсэнгүй гэж үзэж Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
