Украин улс өөрийн зохион бүтээсэн анхны залуурт бөмбөгийг байлдаанд ашиглахад бэлэн болжээ
Brave 1 батлан хамгаалах хөтөлбөрийн оролцогчид Украины анхны залуурт бөмбөгийг зохион бүтээсэн нь бүх шатны туршилтыг амжилттай давж, байлдаанд ашиглагдахад бэлэн болсныг Мягмар гарагт тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.
GAB (Guided Aerial Bomb) гэгддэг энэ зэвсэг нь чиглүүлэгч болон аэродинамик хяналтын системээр тоноглогдсон агаараас харвах зориулалттай бөмбөг юм.
Давуу тал нь байнд тусах нарийвчлал өндөр, дайсны агаарын довтолгооноос хамгаалах системийн үйлчлэх хүрээнээс олон километрийн гадна, нисэх онгоцноос харвах боломжтойд оршдог.
Өрнөдийн агаарын хүчнүүд GBU-39 Small Diameter Bomb, GBU-31 JDAM, алсын тусгалын JDAM-ER зэрэг GBU (Guided Bomb Units) төрлийн ижил төстэй зэвсгүүдийг ашигладаг юм.
Орос улс 2023 оноос хойш Зөвлөлтийн үеийн ФАБ бөмбөгийг УМПК нэмэлт чиглүүлэгч хэрэгслээр тоноглон тулаанд ашиглаж байгаа.
Украины хувьд анх удаа өөрийн ийм ангиллын зэвсгийг Өрнөдийн болон Зөвлөлтийн системийг хуулбарлалгүйгээр 17 сарын хугацаанд эхнээс нь зохион бүтээсэн юм байна. Гол давуу тал нь дайны бодит туршлага дээр үндэслэн бүтээжээ.
250 кг цэнэгт хошуутай залуурт бөмбөг нь фронтын шугамын ард хэдэн арван километрийн зайд орших дайсны бэхлэлт, командын пост болон бусад байг устгах чадвартай гэнэ.
Украины батлан хамгаалах яам шинэ зэвсгийн эхний багцыг хүлээн авч, нисгэгчдийг ашиглах арга техникт суралцуулж эхэлжээ.
Эх сурвалж: mod.gov.ua
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
