Ж.Замилан: Надад сахилгагүйдэж явсан үе бий. Гэхдээ шинэ уран бүтээл туурвихад нас оройтдоггүйг мэдэрч байна
"Сүнс" хамтлагийн дуучин Ж.Замилангийн "Амьдралд би хайртай" би даасан хоёр дахь тоглолтоо энэ сарын 22-ны Баасан гарагт Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д 19:00 цагаас болно.
Түүнийг "Чингис хаан" хамтлагийн ахлагч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жаргалсайханы хүү гэдгийг монголчууд сайн мэднэ. Тэгвэл энэ тоглолтынхоо талаар дуучин Ж.Замилан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тоглолтын тасалбар зарагдаж дууссан тул зохион байгуулагчдын зүгээс 300 нэмэлт суудал гаргасныг хурлын эхэнд мэдэгдсэн юм.
Уг тоглолтын ерөнхий найруулагчаар "Сүнс" хамтлагийн н.Зулаа ажиллаж байгаа аж. Тэрбээр "Аливаа тоглолт өөрийн гэсэн үзэл бодол, агуулгатай байдаг. Тэгвэл энэ тоглолтын хувьд Ж.Замилангийн бие даасан соло тоглолт гэдгээрээ онцлог. Сүүлийн үед Ж.Замилан маань сошиал орчинд их идэвхтэй байгаа. Ард маань сэтгэлээр их дэмжиж байгаа нь харагддаг.
Монгол гэрээр зүйрлэвэл асаж байгаа гал нь Ж.Замилан юм. Өөрийнхөө уран бүтээлээр үргэлж дулаацуулж яваарай гэсэн бэлгэдлээр энэ тоглолтыг хийж байна. Тэр 13 настайгаасаа хойш маш олон жанраар уран бүтээл туурвисан хүн. Тиймээс төдийгөөс өдий хүртэлх хийсэн уран бүтээлээ ард түмэндээ тайлагнаж байгаа гэж ойлгож болох юм" гэв.
Харин тоглолтынхоо талаар Ж.Замилан "Манай "Сүнс" хамтлаг 1994 он хүртэл бүжгийн хамтлаг байж байгаад тэр жилээс дуулдаг болж эхэлсэн юм. Түүнээс хойш хийсэн уран бүтээлээсээ тоглолтод сонирхуулна. Зочин уран бүтээлчийн хувьд Төрийн соёрхолт, дуучин Д.Жаргалсайхан, Эрдэнэт хотын "Улаан сарнай" зэрэг хамтлаг дуучид оролцоно. Голдуу хамт уран бүтээл хийсэн дуучид хамтран дуулахаар ирэх юм. Мөн манай "Сүнс" хамтлагийн маань үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуунууд дуулагдана.
Надад сахилгагүйдэж явсан үе бий. Гэхдээ аливаа уран бүтээл хийхэд нас оройтдоггүй гэдгийг мэдэрч байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
