COP17: ХААН Банк тогтвортой санхүүжилтийн туршлага, үр дүнгээсээ хуваалцлаа
Дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагчид, эрдэмтэд, бизнес эрхлэгчид болон иргэний нийгмийн төлөөлөл, малчид нэг дор чуулж, шийдэл эрэлхийлэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Энэхүү бага хурлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газар нутгийн доройтол, байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн асуудлаар өрнөж буй олон талт ярилцлага, өндөр түвшний хэлэлцүүлэг хуралдаанд ХААН Банкны удирдлага болон мэргэшсэн багийн төлөөлөл идэвхтэй оролцож, санхүүгийн салбарын туршлага, боломжийг нээлттэй хуваалцаж байна.
Тухайлбал өчигдөр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Бэлчээрийн хөрөнгө оруулалт: Уур амьсгалын болон газрын доройтлын эрсдэлийг хөрөнгө оруулалтын боломж болгон хувиргах нь” панель хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрээр “Бид МАА салбарт зөвхөн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна кластер болон өртгийн сүлжээнд суурилсан санхүүжилтийг тогтвортой, ногоон шийдлүүдтэй уялдуулж, малчдын зах зээл, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.” гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.
Мөн “Монголын Байгалийн Өв Сан”-тай “Тогтвортой аж ахуй болон нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн туршилтын хөтөлбөр”-ийг эхлүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь өнөөдрийн онцлох үйл явдлуудын нэг байв.
Үүнээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Энх-Ирээдүй зэрэг төлөөлөл СOP17 бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Ногоон бонд: Тогтвортой санхүүжилтийн боломж”, “Цөлжилттэй тэмцэх зах зээлд суурилсан санхүүгийн арга хэрэгсэл ба тогтвортой бэлчээрийн аж ахуй”,”Байгаль хамгааллын үр дүнд чиглэсэн зах зээлд суурилсан санхүүжилтийг хэрхэн тэлэх вэ?”, зэрэг 15 орчим өндөр түвшний болон дэд хэлэлцүүлэгт оролцож, байгууллагын үйл ажиллагаа, харилцагчдад санал болгож буй санхүүжилтийн шийдэл үр дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудаа танилцуулан хэлэлцүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах чиглэлд оруулж буй ХААН Банкны хувь нэмрийг тоймлох нь
ХААН Банк нь тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын зарчмуудыг банкны бүхий л үйл ажиллагаанд мөрдөн ажилладаг. Цаашлаад харилцагчдынхаа бизнесийг олон жил амжилттай оршин тогтнох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай болоход дэмжлэг үзүүлэх урт хугацааны стратеги, тогтолцоог ч бүрдүүлэн ажилладаг билээ.
2007 оноос хойш ногоон зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсээр өнөөдрийн байдлаар 12 төрлийн ногоон, тогтвортой зээлийн бүтээгдэхүүнээр дамжуулан эдийн засгийг ногооруулахад эерэг нөлөө үзүүлж, харилцагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлсээр байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар ХААН Банкны ногоон зээлийн багц 1.5 их наяд төгрөгт хүрч, банкны салбарын нийт ногоон зээлийн тал хувийг дангаар бүрдүүлж байгаа юм. Энэ хэмжээний ногоон зээлийг эрчим хүчний хэмнэлт, хөдөө аж ахуй, газар ашиглалт, ойжуулалт, эко аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, ногоон барилгын бизнес төслүүдэд олгоход санхүүжилтийн эх үүсвэр чухал билээ.
Тийм ч учраас ХААН Банк олон улсын урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлж, харилцагчдад ногоон тогтвортой зээл болгон олгодог. Ялангуяа 2023 онд Монгол улсын анхны ногоон бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс татаж байсан бол Монголын хөрөнгийн бирж дээр мөн анхны ногоон бондыг амжилттай арилжаалж, шинэ санхүүгийн хэрэгслийг дотоодын зах зээлд нутагшуулсан юм.
Байгууллагын үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэй болгож буй жишиг
Монголын хамгийн олон салбар нэгжтэй банкны хувьд өөрийн үйл ажиллагаанаас үүдсэн байгаль орчин дахь сөрөг нөлөөллийг багасгах чиглэлд тууштай манлайлан ажиллаж байгаа юм. Тогтвортой байдлын стратегийн хүрээнд банкны үйлчилгээнд ашиглаж буй цаасны хэрэглээг үлэмж хэмжээгээр буруулахаар цахим банкны үйлчилгээ, төлбөрийн эко системийг бүрдүүлэхэд тогтмол хөрөнгө оруулдаг.
Өнөөдөр ХААН Банкаар дамжиж буй нийт гүйлгээний 99.6 хувь нь цахимаар хийгдэж байна. Банкны орон нутгийн 35 салбар нэгж болон Улаанбаатар хотын Сөүлийн гудамж дахь “Сөүл оффис”-ын барилгад нарны эрчим хүчний систем суурилуулж, 2025 онд гэхэд 172 тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн бол 2007 оноос 2026 оны хооронд 1.7 сая модыг Монгол орны өнцөг булан бүрд тарьж ургуулах ажлыг хийгээд байна.
Мөн ХААН Банк уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж, харилцагчдадаа байгальд ээлтэй сонголт хийх боломжийг бүрдүүлэхээр 93 хувь дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэсэн бүх төрлийн энгийн дебит карт болон Виза алтан дебит картыг 2025 оны 9-р сард зах зээлд танилцуулсан билээ.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
