Газрын тосны хайгуулын хятад ажилчдад халдсан явдалд Монголын тал уучлал гуйсан тухай Хонконгийн сонин мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятадын хөрөнгө оруулалттай газрын тосны хайгуулын компанийн ажилчдыг дарамталсан үйл явдлын мөрөөр Улаанбаатар дахь тус улсын элчин сайдын яам санаа зовж байгаагаа илэрхийлсний дараа Монголын засгийн газрын өндөр албан тушаалтан уучлал гуйсныг Хонконгийн англи хэл дээр нийтлэгддэг томоохон сонин өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн Баасан гарагт Хэрлэн Тохой XXVIII газрын тосны хайгуулын талбайд нэвтэрсэн морьтой иргэд Mongolia Foison Energy компанийн үйл ажиллагааг зогсоохыг оролдсон юм.

Тэд уг үйл явдлынхаа дүрсийг сошиал сүлжээнд шууд дамжуулсан бөгөөд хоёр эмэгтэй хятад ажилчдын эд зүйлсийг газарт шидэлж байгааг харуулжээ.

Хятадын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Цао Ли энэ долоо хоногийн Мягмар гарагт Монгол улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй уулзахдаа болсон явдалд “гүнзгий санаа зовж” байгаагаа илэрхийлснийг эх сурвалж мэдээлсэн байна.

зураг
 

“Бид Монголын талд Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, ажилчид болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, үүнтэй төстэй үйл явдлууд дахин гарахаас урьдчилсан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг уриалж байна” гэж элчин сайдын яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Үүний хариуд Б.Дашпүрэв уучлалт гуйж, Монгол улс Хятадын компаниудын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг тэвчихгүйг мэдэгдсэн байна.

Мөн холбогдох хүмүүсийг саатуулж, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажлыг эхлүүлснийг тэр мэдэгджээ.

Mongolia Foison Energy нь Монгол улсад бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компани юм байна. Тус компанийн хөрөнгө оруулагч нь Хонконгт бүртгэлтэй Foison Energy Holdings Limited ажээ.

Тус компани 2024 онд Хэрлэн Тохой XXVIII талбайд газрын тос олборлож, бүтээгдэхүүн хуваах гэрээг Монголын засгийн газартай байгуулж, найман жилийн хугацаанд $50 саяын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн юм байна.

 

Эх сурвалж: South China Morning Post