Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн есдүгээр сарын тэмцээнийг өнжинө
Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрсөн долдугаар сарын тэмцээнийг өвдөгний гэмтлийн улмаас орхисон билээ.
Тэгвэл өнгөрсөн сарын сүүлээр баруун өвдгөндөө хагалгаа хийлгэсэн байна. Ингэснээр С.Бямбасүрэн ирэх есдүгээр сарын 13-наас 27-ныг дуустал үргэлжлэх Аки башё буюу есдүгээр сарын Намрын тэмцээнийг өнжих болжээ.
Тэрбээр энэ талаар орон нутгийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Би аль болох хурдан эдгэрэхийг хичээх болно. Гэхдээ ирэх тэмцээнээс өмнө амжиж ирнэ гэдэгтээ итгэлгүй байна" гэж ярьжээ.
Өдгөө 27 настай С.Бямбасүрэн өнгөрсөн сарын тэмцээний үеэр Хакүнофүжитэй барилдах үеэр хуучин гэмтлээ сэдрээсэн юм. Тодруулбал баруун өвдөгний дотор талын холбоос болон гуяны арын булчингийн урагдалт оноштойгоор тэмцээний 14 дэх өдөр барилдахаа больсон.
Улмаар өнгөрсөн сарын 27-нд эмнэлэгт үзүүлжээ. Эмч нар түүнийг хагалгаа хийхгүйгээр эмчлүүлбэл бүрэн эдгэрэхэд нэг жил орчмын хугацаа шаардлагатай гэсэн тул өнгөрсөн сарын 29-нд баруун өвдгөндөө хагалгаа хийлгэснээр тодорхой хугацаанд барилдах боломжгүй болсноо өнөөдөр зарлав.
Эх сурвалж: Hoichi news
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
