Б.Дашпүрэв: Түгээлт хэвийн хэмжээнд очих нөхцөл байдал бүрдлээ. Энэ долоо хоногийн сүүлээр сумдад онцгой анхаарна

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. 

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 76 вагон буюу 4,560 тонн автобензинийг хүрэх өртөөд нь хүргэж, Улаанбаатар хотын 218 шатахуун түгээх станцад 1,950 тонныг түгээж, орон нутгийн нийт 56 шатахуун түгээх станцад 600 тонн автобензинийг түгээлээ. 

Өнгөрсөн 48 цагийн хугацаанд нийслэл хотод 90 хувьтай шатахуун түгээх станцуудыг ажиллуулах ажлыг холбогдох газрууд хамтран хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 200-300 автомашин 2-3 хоног дугаарласан нөхцөл байдал харьцангуй зөөлөрч, оочер дугаарлалт багассан. Түгээлт хэвийн хэмжээнд очих нөхцөл байдал өнөөдөр бүрдэж байна. 

Яг энэ зохион байгуулалтаар өнөөдөр, маргааш сайн ажиллаж нөхцөл байдлыг сайжруулахаар үүрэг чиглэл авч ажиллаж байна. Энэ долоо хоногийн сүүлээр орон нутгийн сумдад онцгой анхаарна. Суманд олон хоног автобензин байхгүй. Тиймээс энэ долоо хоногийн төгсгөлд орон нутгаа хэвийн хэмжээнд авч очихын төлөө шуурхай штаб ажиллана.

Орон нутагт байгаа байцаагч нар байнга мэдээлэл өгч байна. Олон хоног шатахуун түгээх станцууд нь ажиллаагүй. Томоохон хэмжээний сүлжээ шатахуун түгээх станцгүй, хувийн хэвшлээр байгуулагдсан нэг хоёр шатахуун түгээх станцтай газруудад бөөний борлуулалт зогссон. Олон суманд олон хоног шатахуун түгээх боломжгүй нөхцөл байдалтай байна.

Өнөөдрийн шуурхай штабын хурал дээр томоохон аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж, хөдөө орон нутаг руу нийлүүлэлтээ нэмэгдүүлэх чиглэл өгсөн" гэв.