Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоог анх удаа зарласан Трамп энэ оны сүүлээр Ким Жон Унтай уулзахаар төлөвлөжээ
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны сүүлээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэнээс гадна тус улсын цөмийн зэвсгийн тоо хэмжээг анх удаа зарлажээ.
Лхагва гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Трамп энэ талаар хэлсэн юм. Өмнөх өдөр нь The Wall Street Journal сонин түүнийг Ким Жон Унтай хийх уулзалтыг зохион байгуулахыг зөвлөхүүдээсээ шаардаж байгаа тухай мэдээ цацагдсан байна.
Тухайлбал арваннэгдүгээр сард Хятадын Шэнжэнь хотод болох APEC-ийн дээд хэмжээний чуулганд оролцох айлчлалын үеэр уг уулзалтыг зохион байгуулах даалгавар өгсөн гэнэ.
Энэ мэдээллийн мөрөөр сэтгүүлч тодруулахад Трамп “Тийм ээ, би уулзана” гэж хариулжээ. Ким Жон Унтай захидал солилцсон эсэхийг нь асуухад “Би энэ талаар хэлэх боломжгүй” гэж хариулсан байна.
Сүүлд өөр нэг арга хэмжээний үеэр Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилт нь хэвээр байгаа эсэх талаар асуултад хариулжээ.
“Би энэ талаар хэлмээргүй байна. Гэхдээ Ким Жон Ун бид хоёр ямар сайхан харилцаатайг та бүхэн мэдэж байгаа. Тэр Байденд дургүй, Обамад дургүй. Тэр надаас өөр хэнд ч дургүй” гэж Трамп хэлсэн байна.
Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд Ким Жон Унтай гурван удаа уулзсан ч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд ямар нэг ахиц дэвшил гаргаагүй юм.
Энэ долоо хоногт эхэлсэн АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгах даалгаврыг Пентагонд өгснөө Трамп өнгөрсөн Ням гарагт зарласан.
Үүнийг Ким Жон Унтай уулзахын тулд найр тавьсан хэрэг гэж ажиглагчид үзэж байгаа.
Умард Солонгосын асуудлыг Трамп гэнэт хөндөж эхэлсэн нь арваннэгдүгээр сард болох Конгрессын сонгуулиас өмнө гадаад бодлогодоо ямар нэг ахиц дэвшил гаргаж, Ираны дайны улмаас алдсан нэр хүндээ сэргээх зорилготой байж болзошгүй юм.
Өчигдөр ярихдаа Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоог Трамп анх удаа зарласан нь анхаарал татаж байна.
“Ким одоо маш хүчтэй 57 ширхэг цөмийн зэвсэгтэй. Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй байсан. Гэхдээ өнөөдөр тэр цөмийн зэвсэг эзэмшиж байна. Би түүнтэй маш сайн харилцаатай. Над шиг ухаалаг ерөнхийлөгчтэй байгаа цагт тэр яах ч үгүй. Хэрвээ тэнэг ерөнхийлөгч байсан бол тэр тийм ч сайн зүйл хийхгүй байх” гэж Трамп хэлжээ.
Судлаачид Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоог 60 орчим гэж үздэг. Гэхдээ Трамп энэ талаар ямар нэг тоо баримт өмнө нь хэлж байгаагүй юм.
Тэрбээр цааш нь ярихдаа “Умард Солонгосын эсрэг ийм том цэргийн сургуулилалт хийдэг нь надад таалагддаггүй. Намайг түүнтэй сайн харилцаатай байх үед Умард Солонгосын эсрэг сургуулилалт хийх зохимжгүй” гэж саяхан гаргасан шийдвэрээ тайлбарласан байна.
Ираны эсрэг АНУ-ын эхлүүлсэн дайнд туслаагүй Өмнөд Солонгост дараа нь Трамп гомдлоо илэрхийлжээ.
“Газрын тосныхоо 60 хувийг Ормузын хоолойгоос авдаг мөртлөө манай хүсэлтэд Өмнөд Солонгос татгалзсан хариу өгөхөд надад таатай байгаагүй” гэж тэр хэлсэн юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

