“Зэс-Оюу” хуваарилах байгууламж өсөж буй эрчим хүчний ачааллаас үүрэлцэнэ

-

2026 оны наймдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, өсөж буй хэрэглээний ачааллаас үүрэлцэх нэгэн чухал дэд бүтэц болох “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламж нээлтээ хийлээ.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 хувиар өсөж, 2025 онд оргил ачааллын үед 1,700 МВт-д хүрээд буй.

Энэ онд л гэхэд оргил ачааллын үед ойролцоогоор 150-200 МВт-ын цахилгааны дутагдал үүсэх бодит эрсдэл байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Цаашид ч эрчим хүчний хэрэглээ тогтмол нэмэгдэх төлөвтэй байгаа нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай хангах шинэ эх үүсвэр, дэд бүтцийн шаардлагыг улам нэмэгдүүлж байгааг илтгэнэ.
📍 Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюу толгойн уурхайн цогцолборын орчимд байршиж буй “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламж нь энэхүү ачааллаас үүрэлцэж нэмэлт эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хэрхэн ажиллах вэ?
Уг ил хуваарилах байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний систем Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдан ажиллах техникийн боломжийг бүрдүүлжээ.

Тодруулбал энэхүү 220 кВ-ийн зургаан оруулгатай гурван км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт баригдсан иж бүрэн байгууламжийг ажиллагаанд залгаснаар өвлийн оргил ачааллын үед ӨМӨЗО-оос эрчим хүч импортлох юм.
Үр дүнд нь 80МВт хүртэлх цахилгааныг ӨМӨЗО-оос нэмэлтээр импортлон Өмнөд бүсийн зарим хэрэглэгчдийг хангаж, улмаар төвийн бүсийн эрчим хүчний системд ирэх ачаалал буурах юм.

Энэ хэрээр цахилгаан таслах, хязгаарлах эрсдэл буурна гэсэн үг.
ϟ
ϟ
80 МВт хүртэл
Жишээ дурдахад, нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүргийн нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээ 84.7 МВт байдаг. Сүхбаатар дүүргийн 55,000 хэрэглэгч нийт 90.4 МВт эрчим хүч хэрэглэдэг байна.
Чингэлтэй дүүрэг
ЧИНГЭЛТЭЙ
Налайх дүүрэг
НАЛАЙХ
Сүхбаатар дүүрэг
СҮХБААТАР
ϟ
Чингэлтэй + Налайх 0 МВт Нийт хэрэглээ
ϟ
Сүхбаатар 0 МВт 55,000 хэрэглэгч
Иймд дэд бүтэц шинээр байгуулан, нэмэлт эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлж байгаа нь цахилгааны хязгаарлалт багасаж, нэгдсэн сүлжээ найдвартай, тогтвортой ажиллахад чухал нөлөөтэй ажил болж байна.
Зэс-Оюу бүтсэн түүх
2022

Эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдав.

2023 оны 5-р сар

Эрчим хүчний яамнаас ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг “Оюу толгой” компанид гаргав.

2023

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн санхүүжилтийг “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс батлав.

2024

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК төслийн үндсэн гүйцэтгэгчээр шалгарч, гэрээ байгуулан бүтээн байгуулалтын ажил эхлэв.

2025

Монгол Улсын эрчим хүчний систем Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдан ажиллах гэрээ хэлцэл хийгдэж, 220 кВ-ын “Зэс-Оюу” хуваарилах байгууламжийг техникийн комисс хүлээн авав.

2026

220 кВ-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орлоо.

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн төсөл Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп компани болон дотоодын гүйцэтгэгч компаниуд, мэргэшсэн багуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү амжилттай хэрэгжиж дуусжээ.

Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй компани, 2,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600,000 гаруй хүн/цагийн хөдөлмөрийг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Түүхэндээ анх удаа БНХАУ болон Монгол Улсын эрчим хүчний систем холбогдож байна. Эрчим хүчний систем найдвартай байхын тулд олон сувгаас тэжээгддэг байх ёстой.

Зөвхөн өвлийн оргил ачааллын үед эрчим хүч импортлохоос гадна цаашдаа экспортын бүс нутгийн эрчим хүчийг хуваан ашиглах, экспортлох, худалдаж борлуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал алхам болж байна.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан бүх талууддаа талархал илэрхийлье.

“Оюу толгой” компани Монгол Улсад зөвхөн эдийн засгийн үр өгөөж бий болгохоос гадна эрчим хүч, дэд бүтэц зам тээвэр, хүний нөөцийн хөгжил зэрэг олон чиглэлээр бодит хувь нэмэр оруулах ёстой гэж бид үздэг. Иймээс энэхүү байгууламжийг бүтээн байгуулах ажилд манлайлан оролцож, хамтран ажилласандаа баяртай байна.
Ирээдүйн боломж
Тус байгууламжийг шинэ эх үүсвэрүүдтэй холбох, цаашид өргөжүүлэх техникийн боломжтой барьсан нь ирээдүйн олон боломжийг нээж байгаа аж.

Тухайлбал, говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний нөөц асар их. Иймд ирээдүйд уг нөөцийг ашиглан энэ байгууламжаар дамжуулан Монголынхоо эх үүсвэрийг хангахаас гадна эргээд Хятад руу экспортлох боломж бүрдэж байгаа аж. Монгол Улсын төвийн эрчим хүчний систем хоёр талын гарц, орцтой болж байна гэсэн үг.

Түүнчлэн энэхүү байгууламж нь Оюу толгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох техникийн боломжийг бүрдүүлж, ирээдүйд уурхайн эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах зорилтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Ингэснээр уурхайн эрчим хүчний хэрэгцээг ирээдүйд дотоодын эх үүсвэрээр хангах талаар Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэхэд нэг алхмаар урагшилсан явдал болжээ.
Нийтлэлийг:
Ikon.mn М.Батчимэг
Видеог:
Оюу толгой
Гэрэл зургийг:
Оюу толгой, MPA гэрэл зургийн агентлаг
2026.08.19