Москвад бензиний хязгаарлалт дахин сэргэснийг Оросын хэвлэлүүд хомсдолын “хоёр дахь давлагаа” гэж нэрлэжээ
ОХУ-ын зарим бүс нутагт бензин шатахууны хязгаарлалт дахин сэргэснийг тус улсын хэвлэлүүд энэ зуны хомсдолын “хоёр дахь давлагаа” гэж нэрлэж байна.
Нийслэл Москва хот болон түүний ойр орчмын Газпром Нефтийн шатахуун түгээх станцууд нэг автомашинд 60 литрээс илүү бензин өгөхгүй байх хязгаарлалт тогтоожээ.
Тус компани энэ сарын эхээр Оросын 13 бүс нутагт тогтоосон хязгаарлалтаа цуцалж байсан бол ийнхүү буцаан сэргээсэн байна.
Өөр нэг томоохон үйлдвэрлэгч Татнефть мөн Москва хот болон түүний ойр орчмын шатахуун түгээх станцууддаа нэг автомашинд 50 литр бензин, 60 литр дизель түлшний дээд хязгаар тогтоосныг РБК сонин мэдээлжээ.
Өнгөрсөн хавар Украины тал Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн агаарын цохилтоо эрчимжүүлсний улмаас зургаадугаар сард анх Оросын олон арван бүс нутаг бензин шатахууны түгээлтэд хязгаар тогтоож байв.
Өнгөрсөн сард ОХУ-ын засгийн газрын шадар сайд Александр Новак дотоодын шатахууны зах зээлд нийлүүлэлт “тогтворжих” шинж тэмдэг ажиглагдаж эхэлснийг зарлаж байлаа.
Үүний дараа Москва болон бусад төвийн бүсүүдэд бензиний хязгаарлалтыг цуцалсан ч Сибир, Алс Дорнод зэрэг алслагдсан бүс нутгуудад үйлчилсэн хэвээр байсан юм.
Украины алсын тусгалын цохилтууд одоо ч үргэлжилсээр байгаа. Лхагва гарагт Башкортостаны эрх баригчид газрын тосны үйлдвэр нь Украины дроны цохилтод өртсөн, засварлах ажил хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байгааг мэдэгдсэн байна.
Долдугаар сард Оросын зах зээлд бензин шатахууны дундаж үнэ оны эхэн үетэй харьцуулахад 20 орчим хувиар өссөн байв.
Тэр үеэс хойш үнэ бага зэрэг буурч, наймдугаар сарын 10-ны байдлаар үндэсний хэмжээнд литр нь 76.04 рубль ($0.91) хүрсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
