Их Британийн шүүх Ким Кардашяны брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Их Британийн шүүх өчигдөр Ким Кардашяны Skims брэндийн дотуур хувцсыг тээвэрлэхдээ дотор нь кокаин нуусан жолоочид 13.5 жилийн хорих ял оноожээ.

Польшийн иргэн, 40 настай Якуб Ян Конкел өнгөрсөн оны есдүгээр сард Нидерландаас Skims брэндийн 28 багц ачааг тээвэрлэн Их Британийн Эссекс боомтод ирээд гаалийн байцаагч нарт саатуулагдсан юм байна.

Тэрбээр замдаа 90 кг кокаиныг гуравдагч этгээдээс хүлээн авч, ачаа болон автомашиныхаа хэсгүүдэд нуугаад цааш хөдөлснийг Их Британийн цагдаа нар илрүүлжээ.

Хууль ёсны ачааны илгээгч болон хүлээн авагч талууд уг хэрэгт ямар ч оролцоогүйг мөрдлөгийн явцад тогтоосон байна.

Харин жолооч уг хууль бус ачааг тээвэрлэж, хилээр нэвтрүүлснийхээ төлөө 4,500 евро авахаар гэмт хэрэгтнүүдтэй тохиролцсон байжээ.

“Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд Конкел мэтийн жолооч нарыг ашиглан А ангиллын мансууруулах бодисыг хууль ёсны ачаанд нуун тээвэрлэх явдал гардаг. Мөрдөн байцаалтын үр дүнд их хэмжээний кокаин илрүүлсэн нь гэмт хэргийн бүлэглэлд ихээхэн хохирол учруулж, Конкел шиг чухал хамтрагчаа алдахад хүргэж байгаа юм” гэж хэргийг илрүүлсэн мөрдөгчдийн ахлагч Пол Орчард мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press