Google хайлтын систем хиймэл оюунаар шинэчлэгдлээ
Өөр олон төрлийн бизнес эрхэлдэг ч Google компанийн хувьд хайлтын систем хамгийн том орлогын эх үүсвэр нь хэвээр байгаа.
Тиймээс хайлтын системээ хиймэл оюуны технологийн эрин үетэй нийцүүлэх нь тус компанийн томоохон зорилтуудын нэг байсан юм.
Тэгвэл Мягмар гарагт Google компани өөрийн хайлтын системийн түүхэнд хамгийн том шинэчлэлтийг нэвтрүүлснээ танилцуулжээ.
Өөрөөр хэлбэл уламжлалт хайлтын цонхоо хиймэл оюунаар өвч зэвсэглэж, өмнө нь “AI Mode” хэрэгслээр тусад нь үзүүлж байсан боломжуудаа үүнд нэгтгэн шингээсэн байна.
Шинэ систем хайлтын үр дүнг уламжлалт вэб сайтуудын холбоос хэлбэрээр биш, Gemini агент шиг AI тойм хэлбэрээр харуулах бөгөөд харилцан ярилцах хэлбэрээр үргэлжлүүлэн үр дүнгээ дэлгэрүүлэх боломжтой болжээ.
Мөн үргэлжлүүлэн ярилцахад бичих асуултуудыг хэрэглэгчид урьдчилан санал болгох “AI-powered suggestion” системтэй болсон байна.
“Энэ бол 25 гаруй жилийн өмнө анх зах зээлд гарснаас хойш манай домогт хайлтын цонхонд нэвтэрч буй хамгийн том шинэчлэлт юм” гэж Google компанийн хайлтын бизнес хариуцсан дэд ерөнхийлөгч Лиз Рэйд мэдэгджээ.
Тус компани хайлтын системдээ өнгөрсөн оноос эхлэн “AI mode” горимыг нэмж, хэрэглэгчдэд ямар горимд хайх сонголт өгдөг болсон юм. Тэгвэл энэ шинэчлэлтээрээ хоёр горимыг нэгтгэж, хэрэглэгчдийг ямар горимд мэдээлэл хайх талаараа бодох шаардлагагүй болгосон байна.
“Манай зарим хэрэглэгчид AI горимд ажиллах хүсэлтэй байгаагаа ойлгодог ч уламжлалт арга хэрэгсэл, шинэ арга хэрэгсэл хоёрын алийг сонгох талаар бодохоос төвөгшөөдөг нь бидэнд ажиглагдсан. Тиймээс энэ өөрчлөлт нь хаашаа явах талаар бодох нэг ажлаас хэрэглэгчдийг чөлөөлж байгаа юм” гэж Рэйд тайлбарлажээ.
Хайлтын шинэ цонх Мягмар гарагаас эхлэн дэлхий даяар нэвтэрсэн байна.
Үүнээс гадна Google хэрэглэгчдэд өөрийнхөө өмнөөс AI агент далд ажиллуулах “information agents” системийг энэ зунаас эхлэн нэвтрүүлэхээр болжээ.
Энэ систем нь хэрэглэгчийн хүссэн мэдээллийг интернэтийн төрөл бүрийн эх сурвалжуудаас бие даан шалгаж байгаад хангалттай зөв хариулттай болсон үедээ мэдэгдэх юм байна.
Тухайлбал өөрийн өмсгөлийн хэмжээ, шаардлагад нийцсэн гутлын талаар мэдээлэл цуглуулах агентыг хэрэглэгч үүсгэж болох бөгөөд уг агент нь зах зээлд ийм гутал худалдаанд гарах үед эзэндээ мэдэгдэж байх юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
