Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Коксжих нүүрсний экспортод болгоомжлох зүйл байхгүй. Австрали, Оросыг өрсөлдөгч гэж үзэхгүй байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээр манай улсын эдийн засаг малчин айл шиг байна. Зуншлага сайхан болбол жаахан тансаглана. Нэг улс, бүтээгдэхүүнээс эдийн засаг маш их хамааралтай.

Ирэх онд Австралийн нүүрсний борлуулалт 15-20 хувиар, ОХУ-ын нүүрсний экспорт 15-20 сая тонноор өснө гэж байна. Нөгөө талаар Хятадын коксжих нүүрсний хэрэглээ буурах хандлагатай гэх дүгнэлт гаргасан. Үүнийг Эдийн Засаг, Хөгжлийн  Яам хэрхэн тооцоолсон бэ" хэмээн асуув. 

Түүний асуултад Эдийн Засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улс 10 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болохыг зорьж байгаа. Монголбанк Хятадын Ардын банкнаас авсан зээлээ төлөөд эхэлсэн. 2024, 2025 онд манай улс гадагшаа төлөх бондын төлбөр байхгүй. Тиймээс экспортоо нэмэгдүүлэх боломжтой. 

Коксжих нүүрсний тооцоог нэлээд сайн үзсэн. Австрали, ОХУ-ын Хятад руу гаргадаг коксжих нүүрсний хэмжээ бага.

Хятад, Монголын хооронд худалдааны хэлэлцээр хийгдээгүй байгаа. Манай эрчим хүчний нүүрс Хятад руу ороход зургаан хувь, коксжих нүүрс гурван хувийн татвартай.

Тиймээс Хятадын талд хандаж, чөлөөт худалдааны хэлэлцээр хийх хүсэлт өгсөн. Манай яам коксжих нүүрсний экспортод болгоомжлох зүйл байхгүй. Австрали, Оросыг өрсөлдөгч гэж үзэхгүй байгаа" хэмээн хариуллаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1140663867131713