Уншиж байна ...
Зураг
Зураг

"Нярайд дур мэдэн эмийн тунг хувааж өгөх, фэйсбүүкээр хувьчилж зөвлөгөө өгч байгаа нь амьсгалын замын өвчлөлийн хүндрэлийг нэмэгдүүлж байна"

М.Батчимэг, ikon.mn
3 цаг 5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эх, хүүдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс томуу ба томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан нярай хүүхэд асарч буй эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөгөөг өглөө. 

ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасагт өнөөдрийн байдлаар 76 нярай хэвтэн эмчлүүлж байгаагаас 22 нь амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгааны хүндрэлийн улмаас эмчлэгдэж байгаа аж. 

Нярайд амьсгалын замын эмгэг өвчлөл нь хөхөндөө муу болох, унтаарах, биеийн халуун хэвийн биш болох, сүүгээрээ бөөлжих, шаралт нь эмгэг байдлаар тодорч гүнзгийрэх зэргээр илэрч аажимдаа хөхөө хөхөж чадахгүй амьсгаадах, цээж хонхолзох, зайнаас амьсгал нь шуугьж сонсогдох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг байна. 

Хөхөөр хооллолт нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх нэгэн хүчин зүйл болж байдаг бөгөөд дан хөхөөр биш холимог хооллолттой, жингийн илүүдэлтэй, ээж нь жирэмсэн байх үедээ чихрийн шижингээр өвчилж байсан зэрэг тохиолдолд нярайн амьсгалын замын өвчлөл хүндрэх явцтай байгаа нь ажиглагдаж байгаа аж. 

Мөн асран хамгаалагч нарын аль нэг нь тамхи татдаг тохиолдолд дотоод орчны агаарын бохирдол үүсгэж, өвчлөлд нөлөөлдөг байна. 

Нярайг эмчид үзүүлэхгүйгээр дур мэдэн эмийн тунг хувааж өгөх нь өвчлөл хүндрэх нэг шалтгаан болдог байна. Дур мэдэн өгч буй эмүүдэд гүнзгий хордлого үүсгэх бэлдмэлүүд агуулагддаг тул эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй гэв. 

Түүнчлэн ээжүүд төрсөн оноороо байдаг фэйсбүүк группүүдээр нэг нэгэндээ хувьчилж зөвлөгөө өгч байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эмчид заавал хандах ёстойг анхаарууллаа. 

Эрүүл мэндийн дэвтрийн цэнхэр хэсэг бол эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан гарын авлага учир тус хэсгийг уншиж байхыг зөвлөв.