Уншиж байна ...
Зураг
Зураг

Э.Цэндбаатар: Түгжрээ, утаанд бэлтгэл хийхэд хүндрэлтэй байгаа тул АНУ-д бэлтгэлээ базаана

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 26 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх сарын 15-нд "Аса цирк"-т ээлжит тулаанаа хийхээр болжээ. Тэрбээр Монголд хийх тулаанаа нэгдүгээр сарын 24-нд анх товлож байсан ч өрсөлдөгч нь гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон тул дахин шинээр тов зарласан байна.

Мэргэжлийн боксын томоохон дөрвөн холбооны нэг болох WBA холбооны Хойд Америк тивийн хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Монголд хийхээр болсон Э.Цэндбаатар "Би боксоор хичээллээд 16 жил, мэргэжлийн боксоор тууштай яваад хоёр жил боллоо. Энэ хугацаанд өөрийн гэсэн багтай боллоо.

Холбооныхоо Хойд Америкийн хөнгөн жингийн аварга болох гэж хоёр жил хичээлээ. Мөрөөдлөө биелүүлсэн ч одоо найз нөхөд, дүү нартаа мэргэжлийн боксоор хичээллэх гүүр нь болж өгөхийг хүсэж байна.

Энэ тулааныг үзэхээр WBA холбооны ерөнхийлөгч өөрийн биеэр Монголд ирнэ.

Миний хувьд Баянгол зочид буудалд байрлаад бэлтгэлээ базааж байна. АНУ-д хамтардаг багш маань сая 14 хоног Монголд хамт байлаа.

Монголд бэлтгэлээ хийхэд маш хүнд байна. Түгжрээ, утаанд өглөө бүр гүйхэд хүндрэлтэй байгаа тул энэ сарын 15-нд АНУ руу буцна. Хоёрдугаар сарын 10-нд буцаж ирээд тулаанаа хийхээр шийдвэрлэсэн.

Энэ тулаанд хожвол ирэх тавдугаар сард дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөх боломжтой болно гэж харж байгаа. Тиймээс Монголд хийх тулаан маш чухал байх юм." гэж онцоллоо.

"Н.Төгсцогт мэргэжлийн боксод эргэж ирнэ"

Мөн Э.Цэндбаатар хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтыг эргэж ирэхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ. Н.Төгсцогт 2022 оны нэгдүгээр сард мэргэжлийн боксод хамгийн сүүлийн тулаанаа хийснээс хойш дахин рингэнд гараагүй байгаа юм.

Энэ талаар Э.Цэндбаатар "Н.Төгсцогтын эргэж ирэх цаг нь болсон. Энэ мөчийг Монголын ард түмэн цугтаа мэдрээсэй гэж хүсэж байна. Хэдийгээр гурван жил гаруй тулаан хийгээгүй ч бэлтгэлээ хийсэн хэвээр байгаа. Тиймээс миний тулааны өмнө Н.Төгсцогт ах маань тулалдахаар болсон" гэж ярьсан юм.

"Э.Цэндбаатартай тулалдах хүсэлтэй байгаагаа гурван боксчин ирүүлсэн. Тэднээс Мексикийн Родалфа Салазартай тулалдах магадлал өндөр байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Аса цирк"-т хэдэн тулаан болох талаар тус тулааныг зохион байгуулах хэлтсийн дарга Ц.Батнасан "Э.Цэндбаатартай тулалдах хүсэлтээ гурван боксчин ирүүлсэн. Мэргэжлийн боксод 12:0 амжилттай байгаа АНУ-ын Жошуа Орта, 19:0 амжилттай байгаа Мексикийн Хосе Моралес Диас болон 23 тулаан хийхдээ 21 ялсан Родолфа Салазар нараас сонголт хийнэ.

Одоогоор Мексикийн Р.Салазартай тулалдахаар төлөвлөж байна. Ямар нэг байдлаар энэ тамирчин тулаан хийх боломжгүйд хүрвэл нөгөө хоёр боксчны нэгээр орлуулна.

Мөн Э.Цэндбаатартай хамт Үндэсний шигшээ багт нэг цаг үед бэлтгэл хийж байсан найзууд нь урьдчилан тулаанд оролцох юм.

Тодруулбал

  • 60 кг: Э.Баярсайхан - Чан Шэн (БНХАУ)
  • 58 кг: Х.Энх-Амар - Хон Ён Ун (БНСУ)
  • 91 кг: Х.Бекнур - Токтосун Уулу Бекболсун (Киргиз)
  • 63 кг: Б.Төгөлдөр - Баэржан Бекмуржаев (Казахстан)
  • 66 кг: Б.Мишээлт - Эскобиа Майкл (Филиппин)
  • 75 кг: О.Бямба-Эрдэнэ - Тодорхойгүй тулалдана" гэв.

Эдгээр тулаанууд зургаан үе үргэлжлэх бол гол тулаан 10 үе болох аж.