Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шахмал түлшинд хийсэн туршилтын үр дүнг танилцуулав.
Тэрбээр "Лабораторийн шинжилгээний дүгнэлтээр Тавантолгой түлш компанийн шахмал түлшинд грийн көүлийг нэмэгдлээр ашиглахад чийглэг 4%-аар буурсан бол үнслэг 7.3%, илчлэг 8%-аар өссөн, дэгдэмхий бодис 1%, хүхрийн хэмжээ 11.3%-аар буурсан.
2025-2026 онд шилжих өвөл ашиглах Эрдэнэс Тавантолгойн эрчим хүчний баяжуулсан түлшийг одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй харьцуулахад чийглэг 14.1%, үнслэг 33%, дэгдэмхий бодис 12%, хүхэр 30%, илчлэг 20%-аар нэмэгдсэн үзүүлэлт гарлаа.
Харин жигнэсэн буюу хагас коксожсон нүүрсийг шахмал түлштэй харьцуулахад чийглэг гурав дахин нэмэгдсэн. Хагас коксожсон нүүрсийг заавал өдөөгчтэй хэрэглэх бөгөөд айлуудад уг нүүрсийг зөв түлэх талаар сургалт зохион байгуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Хагас коксожсон нүүрсний үнслэг, хүхэрлэг, дэгдэмхий бодисын хэмжээ 36-50%, PM буюу тоосонцруудын үзүүлэлтүүд нь 77%-аар буурсан үзүүлэлттэй байна.
Шингэрүүлсэн хийг ашиглахад тоосонцор гарахгүй.
Эдгээр туршилтаас дүгнэхэд шингэрүүлсэн хийг бүрэн ашигласнаар агаарын бохирдол 95-98%, хагас коксожсон нүүрсийг ашиглавал 25-28%, Эрдэнэс Тавантолгойн эрчим хүчний баяжуулсан шахмал түлшийг дангаар хэрэглэвэл 9-10%, грийн көүлтэй холивол 13-15%-аар буурах үзүүлэлттэй байна" гэв.
Агаар бохирдуулдаг бодисуудын сөрөг нөлөө:
PM 2.5, PM 10 тоосонцор: Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг.
Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.
Нүүрс төрөгчийн дутуу исэл: Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбод, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг.
Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушгины архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.
Хүхрийн давхар исэл: Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог.
Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!