CU конвиниенс дэлгүүр нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран эцэг эхээсээ төөрсөн болон сураггүй алга болсон хүүхдүүдийг хайх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хамтын ажиллагааг эхлүүллээ.
Премиум Нэксус ХК-ийн CU брэнд нь 2021 оноос хойш "CU ЧАМД ТУСАЛЪЯ" уриатай "I CU Хүүхэд хамгааллын төсөл"-ийг амжилттай хэрэгжүүлж, төслийн хүрээнд 14 хүүхдийг эцэг эхэд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн.
Хамтын ажиллагааны хүрээнд ЦЕГ-ын 102 аппликэйшнийг CU конвиниенс дэлгүүрийн бүх салбарын POS дэлгэцтэй холбож, төөрсөн болон сураггүй алга болсон хүүхдийн мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх боломжтой болсон. Энэхүү шинэчлэлт нь хүүхэд алга болсон тухай мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх, иргэдийн оролцоо, анхаарлыг нэмэгдүүлэх, улмаар хүүхдийг илүү хурдан олоход туслах чухал ач холбогдолтой юм.
CU брэндийн 480 гаруй салбар дэлгүүр нь төөрсөн хүүхдүүдэд шуурхай тусламж үзүүлэх, хүүхдийн мэдээллийг сүлжээгээр түгээх, цагдаагийн байгууллагатай холбоо тогтоон ажиллах замаар хүүхэд хамгааллын ажлыг идэвхтэй, тууштай хэрэгжүүлж байна.
Түүнчлэн, хамтын ажиллагааны хүрээнд төөрсөн хүүхдэд хэрхэн туслах, хүүхэд өөрөө төөрвөл хаана аюулгүй байх боломжтой зэрэг мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор төрөл бүрийн контентыг бэлтгэн танилцуулах юм.
CU брэнд, ЦЕГ-ын хамтын ажиллагаа нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэднийг гэмт хэргээс хамгаалах, аюулгүй орчин, найдвартай дэд бүтцийг бий болгоход чиглэсэн чухал алхам болж байна.