Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар өчигдөр /2025.6.3/ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээлэл хийжээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр “Одоогийн байдлаар 18 аймагт улаан бурхны дэгдэлт бүртгэгдээд байна. Тухайлбал, Өмнөговь, Дундговь аймгуудад илүү олон хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд хариу арга хэмжээг идэвхтэй авч байна. Тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд нь эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тусгаарлах өрөөнүүдийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байна” гэсэн юм.
ХӨСҮТ-ийн халдварт өвчний 84.7 хувийг улаанбурхан өвчин эзэлж, эмчилгээний 16 тасгаас 9-д нь тасагт улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэд хэвтэн эмчлүүлж байна хэмээн ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Саруул мэдээлсэн.
ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Ц.Чинбаяр “ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт найман бага насны хүүхэд эмчлэгдэж байна. Үүнээс долоон хүүхэд нь вакцин хийх нас нь болоогүй буюу 0-8 сартай хүүхдүүд мөн гурван хүүхдийн биеийн байдал маш хүнд, зохиомол амьсгалын аппараттай эмчилгээ хийлгэж байна.
ХӨСҮТ-д 0-2 насны 164 хүүхэд улаанбурхан өвчний оношоор хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй эсвэл бүрэн тун аваагүй нэг тунтай хүүхдүүд байна” гэв.
Цэцэрлэг, бага ангийн сурагчдын амралт эхэлж байгаа энэ үед улаанбурхан өвчний дэгдэлт орон нутаг руу тархах эрсдэл үүсэж байна хэмээн ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!