Уншиж байна ...

"Олон овоот гоулд" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагч нь буцаан шилжүүлэн авчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зоос банк, Хадгаламж банк, Анод банкны төрд учруулсан хохирлыг барагдуулах ажлын явцын талаар Банкны эрх хүлээн авагчид өнөөдөр Монголбанканд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Монголбанкны холбогдох албан тушаалтан "2009-2015 онд Анод банканд Банкны эрх хүлээн авагч томилогдсон бөгөөд татан буугдсан банкны өр төлбөрт тооцож хамгийн их дүнтэй буюу 23 тэрбум төгрөг, шүүхийн шийдвэрээр баталгаажсан 19 тэрбум төгрөгийн авлагыг Монголбанк өөр дээрээ шилжүүлж авсан. Энэ нь алт болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй "Олон овоот гоулд" (ООГ) ХХК юм.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш сүүлийн 17 жил Монголбанканд ямар өр төлбөр эргэн төлөгдөөгүй. Сүүлийн 17 жилийн хугацаанд барагдахгүй байсан авлагаас Сангийн яаманд 4 тэрбум гаруй төгрөгийг амжилттай барагдуулсан. Зоос банк, Хадгаламж банк, Анод банкнаас төрд учирсан хохирлыг тооцвол 140 тэрбум төгрөг болсон. Үүнээс сүүлийн нэг жилийн хугацаанд 4 тэрбум төгрөгийг амжилттай барагдууллаа" хэмээн мэдээлэл өгсөн юм. 

Түүнчлэн Олон Овоот ордын тусгай зөвшөөрлийг  "Олон Овоот" ХХК-ийн хамаарал бүхий компани руу шилжүүлсэн байсныг өнгөрсөн долоо хоногт буцаан авсан хэмээн Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас гаргасан Олон овоот ХХК-тай холбоотой товч мэдээллийг хүргэж байна.


Олон овоот гоулд ХХК-иас төлбөр барагдуулахтай холбоотой явуулж буй ажлын товч мэдээлэл:

Олон овоот гоулд (ООГ) ХХК нь анх 20 гаруй жилийн өмнө Анод банк, Зоос банк болон Хадгаламж банкнаас зээл авсан боловч, зээлээ төлөөгүйн улмаас эдгээр гурван банк төлбөрийн чадваргүй болж, татан буугдахад хүрсэн. Одоо Анод банкийг татан буулгах ажил дуусаж, түүний авлагыг Монголбанк шилжүүлэн авч, түүнээс авлага барагдуулж байна. Харин Зоос банк болон Хадгаламж банкийг татан буулгах ажил дуусаагүй үргэлжилж байна.

ООГ ХХК-иас авлагатай гурван төлбөр авагч бий. Үүнд Монголбанк, Зоос банк ХК дахь Банкны эрх хүлээн авагч (БЭХА) ба Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч байна.

Одоо 3 төлбөр авагчийг нэг этгээд төлөөлж байна. Тодруулбал Хадгаламж банк ХХК, Зоос банк ХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөрөөс энэ гурван байгууллагын авлагыг нэгтгэн барагдуулах ажлыг 2023 оны 6 дугаар сараас итгэмжлэл, гэрээгээр гүйцэтгэж байна.

Ингэж нэгтгэн ажиллах шалтгаан: 2023 оны 6 дугаар сараас өмнөх үйл ажиллагаа үр дүнд хүрээгүй учраас, одоо үүнийг залруулах, шинэ арга хэлбэрээр хамтарч, нэг удирдлага ба хяналтын дор нэгтгэж ажиллах шаардлагатай болсон, (ii) мөн Зоос банк болон Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагчийн ажлыг нэгтгэж, зардал бууруулах шаардлагатай болсон.

Шүүхийн шийдвэрийн дагуу авах авлагын нийт дүн нь 140.4 тэрбум төгрөг ба үүнээс 123 тэрбум төгрөгийн авлага нь дараах төрийн гурван байгууллагад хамаарч байна. Үүнд:

  • Монголбанк (Анод банкнаас шилжүүлсэн авсан авлага)-д төлөх 19 тэрбум төгрөг,
  • Хадгаламжийн даатгалын корпорац (ХДК)-д төлөх 45,5 тэрбум төгрөг,
  • Сангийн яаманд төлөх дүн 58 тэрбум төгрөг байна.

Барьцаа хөрөнгийн чанар муудсан: 2010 оны 12 дугаар сарын 08-ны 005/155 дугаартай (Банк дундын) Барьцааны гэрээгээр нийт 44 ширхэг ашигт малтмалын Ашиглалтын болон Хайгуулын тусгай зөвшөөрөл (АМТЗ) барьцаалсан боловч, үүний 36 ширхэг (82%) ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаж хүчингүй болсон. Одоо 8 ширхэг (18%) ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр үлдсэн байна.

Барьцааны зүйл болох дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувийг Монголбанканд хадгалж байна.

Бусад барьцаа хөрөнгөд хамаарах уурхайн машин механизм, баяжуулах үйлдвэрийн барилга, техник тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж, устаж үгүй болсон байна.

ООГ ХХК-иас 2010 (Банк дундын барьцааг бүртгүүлсэн) оноос хойш нэг ч төгрөг барагдуулаагүй. 2012 оноос эхлэн Шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш нэг ч төгрөг барагдуулаагүй. Мөн 2012 оноос хойш Шүүхийн Гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (ШШГБ)-д хүргүүлснээс хойш ШШГБ-аас мөн адил нэг ч төгрөг барагдуулж чадаагүй байна.

Шийдвэрлэх асуудал:

ШШГБ-аас гурван төлбөр авагчийн авлагыг өнөөг (13 жил) хүртэл авлагаа барагдуулж чадаагүй тул одоо энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж дуусгах вэ гэдэг асуудал тулгарч, гурван төлбөр авагч нарт хоёр сонголт үлдсэн байсан. Үүнд:

  • Урьдын адил ШШГБ-аас авлага барагдуулахыг хүлээж суух (Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах эрсдэлтэй),
  • Хүчинтэй үлдсэн 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, барьцааны зүйлээс өөрсдөө барагдуулах.

Сонгосон шийдэл: Гурван төлбөр авагч нараас барьцааны зүйл болох одоо хүчинтэй үлдсэн 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эхний ээлжид шилжүүлэн авч, өөрсдөө авлагаа барагдуулахаас аргагүйд хүрч, энэ шийдлийг эдийн засгийн илүү үр ашигтай гэж үзсэн. Үүнийг БЭХА-аас санал болгосон төсөл хэрэгжүүлэх загварын дагуу хэрэгжүүлж байна.

Мөн дээрх загвар нь гурван төлбөр авагч нарт найман тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахад тулгамдсан дор дурдсан асуудлыг давхар шийдвэрлэх давуу талтай гэж үзсэн. Үүнд:

  • Монголбанк нь төрийн захиргааны байгууллага учраас тусгай зөвшөөрөл шилжүүлэн авах боломжгүй, мөн Зоос банк ХК ба Хадгаламж банк ХХК нь татан буугдаж буй учраас мөн адил тусгай зөвшөөрөл шилжүүлэн авах боломжгүй байсан,
  • Гурван төлбөр авагч нь тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсны дараа өөрсдөө уул уурхайн төслийг санхүүжүүлэх, төлбөр-зардал гаргах боломжгүй байсан.

Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу Хадгаламж банк ХХК-ийн охин компани болох Монголын актив удирдлагын корпорац (МАУК/МАМСО) ХХК-иас үүсгэн байгуулсан Минерал эксплорэйшн фандинг (МЭФ) ХХК-д хүчинтэй үлдсэн бүх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2024 оны 8 ба 9 дүгээр сард шилжүүлэн авсан. Төсөл хэрэгжүүлэгч Банкны эрх хүлээн авагчаас хөрөнгө оруулагчийг олж, хамтран ажиллаж байна. Энэ хөрөнгө оруулагч нь Спирит Майнинг ХХК юм.

Төслийг хэрэгжүүлж эхэлсэн үр дүнгийн хувьд 2025 оны эхнээс 5 дугаар сар хүртэл нийт 5.3 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, үүнээс 4 тэрбум төгрөгийг Сангийн яамны Улсын төсвийн дансанд шилжүүлээд явж байсан.

Хууль бус асуудлын улмаас тосол зогсоход хүргэв:

АМГТГ-ын зарим удирдлага нь хууль бусаар дээрх 8 тусгай зөвшөөрлийг ООГ ХХК болон түүний хамаарал бүхий Зөв зүг ХХК-д 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлсэн. Энэ хугацаанаас хойш энэ төсөл 7 сарын хугацаанд зогсоход хүрч, түүнээс орох мөнгөн урсгал мөн адил зогссон. Бид энэ шалтгааны улмаас Улсын төсөвт нэмж мөнгө шилжүүлж чадахгүй байлаа. Энэ хууль бус асуудлын тухай саяхан АТГ-аас олон нийтэд мэдээлэл хийсэн.

Төслийг зогсооход хүргэсэн хууль бус асуудал одоо арилж, төслийг дахин эхлүүлэх боломж 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүрдэж, уул уурхайн тусгай зөвшөөрлөө буцаан шилжүүлэн авсан. Үүний үндэслэл нь:

  • Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас ООГ ХХК, түүний хамаарал бүхий Зөв зүг ХХК-д шилжүүлсэн 2025.05.06-ний өдрийн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн болохыг тогтоосон,
  • Мөн Олон овоот гоулд ХХК, түүний хамаарал бүхий Зөв зүг ХХК-д тусгай зөвшөөрөл шилжүүлсэн АМГТГ-ын зарим удирдлагын үйлдэл нь хууль бус болохыг АТГ-аас тогтоон шалгаж эхэлсэн байна.

Ингэснээр бид уул уурхайн тусгай зөвшөөрлөө буцаан авч, төслийг дахин эхлүүлэх, түүнээс гурван төлбөр авагчийн нийт 140 тэрбум төгрөгийн авлага барагдуулах боломж бүрдэж, үүнд төрийн гурван байгууллага (Сангийн яам, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац)-ын 123 тэрбум төгрөгийн авлагад учирсан хохирол, эрсдэл арилж байна.

Төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах ач холбогдол:

Төслийг амжилттай хэрэгжүүлж дууссанаар төрийн байгууллагуудын 123 тэрбум төгрөг авлага, нийт 140 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж дуусахаас гадна, дараах ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:

  • Он удаан жил (20 жил!) гацсан авлагыг эцэслэн дуусгаж, мөн 13 жил зогссон төслийг дахин эхлүүлэх, хөрөнгө оруулалт татах, орон нутгийн зэрэг олон аж ахуй нэгжтэй хамтран ажиллах, олон хүнийг ажлын байртай болгох, орон нутаг болон улсад төлөх татвар хураамж нэмэгдэх, Улсын төсвийн орлого нэмэгдэх, гадаад валютын нөөц нэмэгдэх, эдийн засгийн тэлэлт зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ,
  • Эх орондоо хөрөнгө оруулалт татах таатай орчны тухай дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлан таниулахдаа, олон улсад хэдийн ("Олон овоот" гэдгээр сайн мэдэх!) танил болсон энэ төслийг хэрэгжүүлсэн арга туршлагаа бодит "сайн жишээ/showcase" болгон танилцуулах боломж бүрдэнэ.

 

Эх сурвалж: Монголбанк