Уншиж байна ...

Б.Эрдэнэхуяг: Зоос банк, Анод банкны төрд учруулсан ₮140 тэрбумын хохирлоос ₮4 тэрбумыг нь амжилттай барагдуулсан

Н.Эрхбаяр, iKon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зоос банк, Хадгаламж банк, Анод банкны төрд учруулсан хохирлыг барагдуулах ажлын явцын талаар Банкны эрх хүлээн авагчид өнөөдөр Монголбанканд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг "Монголбанкнаас 2008 онд банк дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хуулийн дагуу тухайн үед төлбөрийн чадварын хүндрэлд орсон байсан Анод, Зоос банканд зээл олгосон. Энэ арга хэмжээний үр дүнд Банкны эрх хүлээн авагчид тухайн банканд томилогдож чанаргүй зээлийг барагдуулах ажиллагааг хийсэн. Монголбанкнаас олгосон зээлийнхээ өр төлбөрт тухайн банкийг хариуцаж байсан этгээдүүдээс зээл барагдуулах ажлын үе шаттай авч хэрэгжүүлж байгаа.

Үүний дагуу 2009-2015 онд Анод банканд Банкны эрх хүлээн авагч томилогдсон бөгөөд татан буугдсан банкны өр төлбөрт тооцож хамгийн их дүнтэй буюу 23 тэрбум төгрөг, шүүхийн шийдвэрээр баталгаажсан 19 тэрбум төгрөгийн авлагыг Монголбанк өөр дээрээ шилжүүлж авсан. Энэ нь алт болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй "Олон овоот гоулд" (ООГ) ХХК юм.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш сүүлийн 17 жил Монголбанканд ямар өр төлбөр эргэн төлөгдөөгүй. Тиймээс өр төлбөрийг эргэн төлүүлэх ажлыг холбогдох хуулийн дагуу хэрхэн яаж зохицуулах судалгаа хийсний үр дүнд Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагчид хамгийн өндөр дүнтэй авлагыг актив хөрөнгө удирдах гэрээгээр шилжүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу холбогдох төрийн байгууллагатай хамтран эрх хүлээн авагчид шилжүүлж авлага барагдуулах ажиллагааг гүйцэтгэж байна.

Ингэснээр сүүлийн 17 жилийн хугацаанд барагдахгүй байсан авлагаас Сангийн яаманд 4 тэрбум гаруй төгрөгийг амжилттай барагдуулсан. Зоос банк, Хадгаламж банк, Анод банкнаас төрд учирсан хохирлыг тооцвол 140 тэрбум төгрөг болсон. Үүнээс сүүлийн нэг жилийн хугацаанд 4 тэрбум төгрөгийг амжилттай барагдууллаа. Бидний гаргасан шийдвэр амжилттай үр дүнд хүрснээр авлагыг богино хугацаанд барагдуулах ажил болж байгаа юм.

Аливаа банк дампуурах, төлбөрийн чадваргүй болбол түүнийг төр 100 хувь хариуцна гээд баталгаа гаргасан. Үүний дагуу Зоос болон Анод банк дээр хадгаламж эзэмшиж байсан хүмүүсийн мөнгийг Монголбанкнаас тухайн банкуудад олгосон зээлээр өгсөн. Монголбанк нэгэнт зээл олгосон учраас эргэн төлбөртөө тухайн татан буугдсан банкуудын чанаргүй зээлийг шилжүүлж авсан.

Олон овоот ордын холбоотой асуудал бол зөвхөн Анод банкны 110 гаруй тэрбум төгрөгийн 23 тэрбум төгрөгтэй холбоотой" гэж ярив.

"Ашигт малтмал, газрын тосны газрын зарим удирдлага хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас Олон Овоот ордын тусгай зөвшөөрлийг "Олон Овоот" ХХК-ийн хамаарал бүхий компани руу шилжүүлсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн Олон овоот ордын тусгай зөвшөөрлийн талаар Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр "Олон овоот төслийг гадаад, дотоодын хүмүүс сайн мэддэг. Бид 2024 оны наймдугаар сард тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар шилжүүлж авсан. Ийнхүү оны эхнээс 5.3 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулж, улсын төсөвт 4 тэрбум төгрөг шилжүүлж байсан. 

Гэтэл тавдугаар сарын 6-нд хууль бус үйл ажиллагааны улмаас бидний үйл ажиллагаа зогссон. Ашигт малтмал, газрын тосны газрын зарим удирдлага хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас Олон Овоот ордын тусгай зөвшөөрлийг "Олон Овоот" ХХК-ийн хамаарал бүхий компани руу шилжүүлсэн. Энэ ажил зогссоноор төсөвт төвлөрүүлэх мөнгөн урсгал гацсан. Бидэнтэй гэрээ хэлцэл байгуулж байсан байгууллагууд гэрээгээ цуцалсан.

Саяхан Авлигатай тэмцэх газраас олон нийтэд мэдээлэл өгч, Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааг шалгаж байгаа гэсэн. Өнгөрсөн долоо хоногт тусгай зөвшөөрөл, барьцааны зүйлүүдийг буцаан шилжүүлж авсан. Ийнхүү үйл ажиллагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улсын төсөвт мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж эхэлнэ" хэмээн мэдээлэл өглөө.