Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Жаст"-ын Ш.Батхүүгийн баривчилгаа хийгээд Олон-Овоотын золиос

Д.Мягмардорж
2018 оны 3 сарын 14
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэдхэн хоногийн өмнө Авлигатай тэмцэх газар “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү ӨАБНУ, БНХАУ-ын хамтын өмчлөлийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан хэргийн цар хүрээ нэмэгдсэн, хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс ял завших боломжгүй гэх мэдэгдэл хийсэн.

Удалгүй Ш.Батхүүг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон талаар мэдээлэл тархлаа. Энэ асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэ үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга асан Т.Очирхүү нар өөрсдийнхөө гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх мэдэгдлийг Ш.Батхүүгийн эсрэг удаа дараа хийсэн юм.

Тэгвэл “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадаагүй Ш.Батхүү 2013 оны долоодугаар сард групп компанийнхаа дампуурлыг Олон-Овоотын ордтой холбон тайлбарлаж байжээ. Улмаар тус ордын лицензийг эзэмшигч “Олон овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн талаараа ч хэлж байв. Түүнээс хойш Олон-Овоотын орд хадагтай Г.Алтангийн мэдэлд очсон бөгөөд мөн удалгүй “Алтжин” групп уурхайчдаа цомхотгож үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон юм. Олон-Овоотын орд нийт 10 гаруй лицензийн талбайтай. Хэд хэдэн удаагийн нөөц тогтоолтоор алт болон жонш ховор элементийн өндөр агуулга бүхий нөөц илэрсэн гэгддэг.

“Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаяр Олон-Овоотыг хамтарч эзэмших саналыг“Жаст”-ын Ш.Батхүүд 2006 онд тавьж байжээ. Хоёр тал асар их нөөцтэй хэмээсэн уг ордыг ашиглах хамтарсан компани байгуулах шийдэлд хүрч “Олон-Овоот гоулд” мэндэлсэн түүхтэй аж. Хамтарсан компанийн 60 хувь “Монгол газар"-ынх, үлдэх 40 хувийг нь “Жаст”-ын мэдэлд байхаар гэрээлжээ. Гэтэл 2009 онд “Монгол газар” компани Олон-Овоотыг “Голдман сакс интернэшнл”-ийн барьцаанд тавьсан байна.

Ашигт малтмалын газраас тус ордын лицензийг “Голдман сакс интернэйшнл” компанийн барьцаанд бүртгэгдсэн байсныг хууль бус гэж үзээд 2009 оны арваннэгдүгээр сард нь хүчингүй болгожээ. Бүртгэл нь нэгэнт хүчингүй болсон учраас тусгай зөвшөөрлийг дахин “Монгол газар”-т олгосон байдаг. Харин 2010 онд Ш.Батхүү Ц.Мянганбаяраас Олон-Овоотын ордын лицензийг өр авлагаа оролцуулан худалдаж авсан бөгөөд түүнийхээр дампуурал нь тэр үеэс эхлэлтэй гэдэг.

Энэ талаар Ш.Батхүү хийсэн мэдэгдэлдээ,  “Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа гэвэл “Монгол газар” компани, Ц.Мянганбаяртай холбогдсон явдал. Тухайн үед Олон-Овоотын нөөцийн хэмжээ их өндөр тогтоогдсон байсан” хэмээсэн байдаг юм. Мөн тэрбээр “Тухайн үеийн Эрдэс баялгийн зөвлөлөөс Олон-Овоотын ордын нөөцийн талаар хуурамч акт гаргаж, Ашигт малтмалын газраас олгосон А лиценз дээр нь 18.5 тонн алтны нөөцтэй гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл хараат бус шинжээчдээр нөөц тогтоолгоход үсрээд л дөрвөн тонн гэж батлагдсан. Улсад бүртгэлтэй нөөц ингэж өм цем дутдаг нь сонирхолтой хэрэг биз дээ.

Би энэ бизнесээ амжилттай болно гэж итгэж байсан. Тийм учраас “Стандарт” банкнаас зээл авсан” гэжээ. Ш.Батхүүгийн баривчилгаа хийгээд Олон-Овоотын золиос болсон “Жаст групп”, “Хадгаламж” банкны дампууралтай төсөөтэй явдал Монголын санхүүгийн салбараас арчигдсан хоёр ч банканд тохиолдсон байдаг. “Монгол газар” найман охин компаниараа дамжуулж, “Олон овоот” төсөлд зориулан 2003 оноос “Анод” банкнаас зээл авч эхэлсэн түүхтэй.

Мөн 2006 оноос 30 гаруй хуулийн этгээдээр дамжуулан “Зоос” болон Ш.Батхүүгийн “Хадгаламж” банкнаас зээл авч байжээ. Тус компани зээлээ төлөлгүй, гадаадын банкнаас зээл авч өрөө төлье гэж мэхлэн барьцааны лицензүүдээ суллуулж авч байсан талаарх мэдээлэл бий. Ийнхүү банкнууд ээлж дараалан дампуурах бүрд Олон-Овоотын тусгай зөвшөөрлийн эх хувь өр барагдуулах хэрэгслийн жагсаалтыг тэргүүлж байжээ.

АТГ-ын мэдэгдэл болон таван жил орчмын дараа Ш.Батхүүг цагдан хорих хүртэл энэ асуудлаар Лондоны Арбитрын шүүх маргаан үүсгээд байлаа. Лондоны Арбитрын шүүхийн шийдвэр гармагц УИХ-ын нэр бүхий таван гишүүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг “Стандарт” банканд барьцаалсан асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьсан. Асуулгын хариуд Засгийн газар Лондоны Олон улсын Арбитрын шүүхээс 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК оролцоотой байсан талаарх үндэслэлүүдийг дурдсан юм.

Тухайлбал, зээлийн гэрээнд холбогдох нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан. Гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан. 2010-2013 онуудад “Стандарт” банкнаас нийт 213.3 сая ам долларын орлогын гүйлгээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь “Меркенталхаус”, “Миллфорд Глобал” корпорациас төлөгдсөн борлуулалтын орлого гэж бүртгэгдсэн зэрэг мэдээллүүдийг олон нийтэд ил болгосон юм.

Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар “Арбитрын шүүхээс ирсэн бичигт надтай холбоотой үг үсэг байвал, хоёр цагийн дотор албан тушаалаа өгөөд, хорих 461 ангийн үүдэнд очно” гэж мэдэгдсэн бол “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг “Гарын үсгийг дуурайлган зурсныг олон улсын шинжээчид тогтоосон. УИХ-ын гишүүдийн асуулгад Засгийн газар хариу өгөхдөө “Стандарт" банкнаас 213 сая ам.долларын зээл “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орсон мэтээр дурдсан нь ташаа бөгөөд тэдгээр шилжүүлэг нь “Жаст”-тай холбоотой зээл бус зэсийн борлуулалтын орлого байсан гэдгийг залруулъя” хэмээн тайлбар хийсэн.

Энэ мэтээр талууд өнгөрсөн хугацаанд хийсэн тайлбараа давтсаар байгаа бөгөөд Ш.Батхүүг саатуулсан талаар улс төр, бизнесийн хүрээнийхэн байр сууриа илэрхийлсний нэг нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан байлаа.  Тэрбээр “50 тэрбум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Д.Амарсайханыг сахарын өвчтэй байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Д.Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд эрлэг тийш явуулсан түүхтэй.

Түүнтэй адилхан үйл явц “Жаст”-ын Ш.Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ. Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ” гэсэн юм.

Зураг