Сэлбэ голын тохижилтыг зургаадугаар сард дуусгана гэж байсан ч хойшилжээ
Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Сэлбэ голын тохижилтын ажлын явцыг хэлэлцжээ.
Энэ тухай Хотын дарга Б.Пүрэвдагва "Улаанбаатар хотод жил бүр бороо орохоор ус тогтож, үер болдог алдартай газрууд бий. Бид мэддэг учраас тухайн үед нь сандрах биш, илүү анхаарал хандуулж алдартай газрууд руу очиж ажиллаарай.
Сэлбэ голын тохижилт иргэдийн анхаарлын төвд орж, Солонгосын Чонгечон суваг шиг болно гэж бодоод байгаа ч төсөөллөөс нь зөрөөд байгаад хариуцсан нэгжээс тайлбар хийгээч" гэв.
Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг "Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025 оноос өнөөдрийг хүртэл Сэлбэ голын үерийн далангийн засвар шинэчлэлт, тохижилтын ажил хийгдэж байгаа. Гүйцэтгэгчээр "Билгүүн Монгол Констракшн" компани шалгарч, ажлын зураг төслийг Нийслэлийн Хот Төлөвлөлт Судалгааны Институт болон бусад хорших зургийн компаниуд боловсруулсан.
Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа Сэлбэ голын хамгийн нарийсалтай хэсгийн үерийн далан сувгийг шинээр хийх ажлын зураг төсөв батлагдсаны дагуу 741 метр түшиц ханыг "Билгүүн Монгол Констракшн" компани барьж дуусгасан.
НЗД-ын захирамжаар өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгөөр үерийн далангийн гадна болон дотор тохижилтыг гүйцэтгэх гэрээг Геодези, Усны Барилга Байгууламжийн Газартай байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын тохижилтын ажлын явц 75 хувьтай байна.
Сэлбэ голын голдирлыг батлагдсан зургийн дагуу хийсэн. Өөрөөр хэлбэл хоёр талаараа түшиц ханатай, дотор талд голын голдирлыг тохируулсан хэсэгтэй. Иргэд түшиц хананы дотор талд орж зорчих боломжтой, гадна талд нь троссон хашлага бүхий явган хүний замтай иж бүрэн тохижилтын ажил хийгдэж байгаа.
Ирэх долоодугаар сард тохижилтын ажлыг дуусгаж, Улсын комисс ажиллуулахаар шахаж ажиллаж байна" хэмээн тайлбарлалаа.
Өмнө нь Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас мэдээлэхдээ Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана гэсэн ч хойшилж, долоодугаар сард болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
