"Сэлбэ голын дагуу суулгасан үрсэлгээ соёолоод 7 хонож байна. 21 хоногийн дараа зүлэг бүрэн ургаж дуусна"
Сэлбэ голын түшиц хана болон гадна тохижилтын ажлын явцын талаар холбогдох албаныхан өнөөдөр(2026.05.27)мэдээлэл өглөө.
Олон нийтийн зүгээс голын тохижилтын ажил удаашралтай, үерийн хамгаалалтын ханан дотор иргэдийг амралт чөлөө цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж хийх нь зөв шийдэл мөн үү хэмээн шүүмжилж байгаа юм.
Тохижилтын ажлыг гүйцэтгэж байгаа "Сила констракшн групп" компанийн ерөнхий менежер н.Халиун "Сэлбэ голын дагуух ногоон байгууламжийн ажил 14 хоногийн өмнө эхэлсэн. Үрсэлгээ болон газар шорооны ажил олон наст үр суулгах, тор тавьж зүлгийг хамгаалж ургуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Голын дагуу суулгасан үрсэлгээ соёолоод 7 хонож байна. Үрсэлгээ хийснээс хойш 21 хоногийн дараа зүлэг бүрэн ургаж дуусна. Усалгаа, арчилгаа, хөрсний цэвэрлэгээ хийх, нялх хөрсийг олны хөлд гишгэгдэхээс хамгаалж, зүлэг суулгасан хэсэгт нохойгоо салхилуулахгүй байхыг иргэдэд зөвлөе.
Нийт 8,378 м.кв орчим талбайг тохижуулах төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар үүнээс 3,000 гаруй м.кв талбай буюу Натурын гүүрнээс урагш талбайн тохижилтыг хийж байна" гэж ярилаа.
Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл "2023 оны долоодугаар сарын 3-4-нд Улаанбаатар хотод үер бууж, Сэлбэ гол орчмын 80 гаруй орон сууцны зоорийн давхар усанд автсан. Үерийн улмаас 40 орчим тэрбум төгрөгийн шууд бус хохирол гарсан байдаг.
Сэлбэ голын урсгал эхэн хэсэгтээ 160-200 метрийн өргөнтэй байдаг бол хот орчимд 40-50 метрийн өргөнтэй болсон учир түшиц ханыг барихаас өөр аргагүй байсан. Ингээд үерийн эрсдэлээс сэргийлж 2023 онд голын эрэг дагуух S'Outlet дэлгүүрийн барилгыг буулган 2024 оны зургаадугаар сараас тооцоо, судалгаанд үндэслэн 1.4 километрийн урттай түшиц ханыг барьж, дуусгасан. Одоо Сэлбэ голын түшиц хана болон гадна тохижилтын ажлын нийт явц 75 хувьтай үргэлжилж байна" хэмээн мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
