О.Мөнхбаатар: Сэлбэ голын хоёр талд ногоон байгууламжийн нөхөн сэргээлт зүлэгжүүлэлт хийж, урд хэсгээр мод тарина
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийг "Билгүүн Монгол констракшн" ХХК барьж байгаа бөгөөд Сэлбэ голын эрэг дагуу боржин чулуун дээр 4 мм-ийн зузаан ган төмрөөр 1.2 метрийн өндөртэй хашлагыг суурилуулж, үерийн далангийн үндсэн хийцлэлүүдийг хийж дууссан байна.
Харин далангийн дотор болон гадна талд явган хүний замыг тавих, тохижуулах ажлыг 2025 оны есдүгээр сарын 6-наас "Сила групп" компани гүйцэтгэж байгаа аж.
Тохижилтын талаар "Сила групп" ХХК-ийн захирал О.Мөнхбаатар "Манай компани 2025 оны есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийн гадна тохижилтын ажлыг хийж байна.
Натурын гүүрний хойд хэсгийн газар шорооны ажил, чулуун зам суурилуулалт, хашлага, түшиц хананы бетон цутгалтыг 2025 оны арваннэгдүгээр сард газар хөлдөх хүртэл хийгээд түр зогссон. 2026 оны гуравдугаар сарын 30-наас шинэчилсэн ажлын зургаар үндсэн тохижилтын ажлууд эхэлнэ.
Тухайлбал 2,100 орчим метр урт 2.4 метрийн өргөн чулуун зам барина. Ингэхдээ доод суурь бүтэц буюу газар шорооны ажлыг хийнэ. Далангийн хоёр талаар дөрвөн хэсэгт иргэд дотогш буухад зориулсан шат болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн доош буух налуу замын цутгалт, өнгөлгөөний ажлуудыг хийнэ.
Сэлбэ голын хоёр талд ногоон байгууламжийн нөхөн сэргээлт зүлэгжүүлэлт хийж, урд хэсгээр мод тарина.
6,000 орчим ам.метр талбайд далангийн дотор ханыг усанд тэсвэртэй будгаар өнгөлнө. Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс металл хашлага хийнэ.
Далангийн дотор талд иргэдийн сууж амрах хэсгийг гурван газарт тохижуулна. Ийнхүү явган замын гэрэлтүүлэг хийгээд тохижилтын ажил дуусна” гэв.
Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын эргийг тохижуулах ажлын явц 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сард дуусгахаар төлөвлөжээ.
Гүйцэтгэгч "Сила групп" ХХК нь “М-Си-Эс” группийн “Вилла виста” хотхоны гадна талын 6,000 орчим ам.метр талбайн, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хажуу талын “Рио” төслийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод гар бие оролцсон туршлагатай байна.
Тус компани 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 15 орчим техник тоногт төхөөрөмжөөр гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


