Б.Бямбасайхан: Сэлбэ голын тохижилтыг зургаадугаар сард багтаан дуусгаж, иргэдэд нээлттэй болгоно

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Туулын хурдны зам төслийг иргэд эсэргүүцэж төв талбай дээр дөрөв дэх өдрөө цуглаан зохион байгуулж буй. Иргэдийн зүгээс Сэлбэ голын бургасыг авч, урсацгүй болгосныг ч хөндөж байгаа юм.

Уг асуудалд Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан "2023 онд S'Outlet дэлгүүрийн орчимд их хэмжээний үер бууж иргэд болон төрийн байгууллага хохирол амссан. Байгалийн гамшиг болоход иргэд, төр хохирдгоос байгаль өөрөө хохирдоггүй гэж ярьдаг. Мэргэжлийн байгууллагууд Сэлбэ, Дунд гол дагуух үерийн эрсдэлийг тооцоолсон судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулж Сэлбэ сэргэлт төслийг гаргасан. Ингэхдээ үерийн далан нэмж барих, орц, гарц гаргах байршил, үер хаана боогдож байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлсон байдаг.

Тухайлбал Яармагийн шинэ гүүрний орчимд ААН зөвшөөрөлгүйгээр орц, гарц хийж ус боогдсон, Шунхлай ШТС орчимд үерийн далан нарийссан, S'Outlet дэлгүүрийн орчимд хоёр талаас барилгуудыг шахаж барьснаар үерийн урсцын нэг хувийн хангамшлыг дийлэхгүй болсон учир даланг өндөр барих шаардлагатай тооцоо судалгаа, зураг төслийг боловсруулсан юм. Энэ дагуу Сэлбэ голын үерийн даланг өндөр барьсан.

Одоогийн байдлаар үерийн даланг барьж дууссан. Тохижилтын ажлыг ирэх зургаадугаар сард багтаан дуусгаж, иргэдийг алхахад нээлттэй болгохоор ажиллаж байна" хэмээн тайлбар өгөв.

Сэлбэ голын үерийн хамгаалалтын даланг барих, тохижуулах ажлыг 2026 оны нэгдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн хэмээн албаны хүн өнгөрсөн онд мэдээлсэн ч ашиглалтад ороогүй байна. 

Үерийн даланг 2024 оны зургаадугаар сард барьж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын нийт төсөв 20.5 тэрбум төгрөг байна.

Харин Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилтын ажилд нийслэлийн төсвөөс энэ онд 220.3 сая төгрөгийг зарцуулахаар баталжээ. Тохижилтын ажлыг Геодези Усны Барилга Байгууламжийн Газар болон Силла групп гүйцэтгэх аж.