Сэлбэ гол дагуу S'Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн хамгаалалтын даланг барихдаа өндөр бетон ханууд босгожээ. Энэ нь ямар учиртайг мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл "2023 онд Барилга, Хот Байгуулалтын Яамны захиалгаар Сэлбэ сэргэлт төслийн зураг төсөл хийгдсэн юм. Тухайн зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт ерөнхий гүйцэтгэгчээр, түүний дор усны мэргэжлийн 10 гаруй байгууллага хамтран судалгааны иж бүрэн зураг, төслийг боловсруулсан байдаг.
Энэ нь Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд 21.4 километр, инженерийн шийдэлтэй үерийн далан суваг, авто зам, явган хүний зам, тохижилт багтсан том бүтээн байгуулалтын зураг төсөл.
2023 оны долдугаар сарын 4-нд S'Outlet дэлгүүрийн орчимд үер буусныг бид мэдэж байгаа. Тухайн өдөр Сэлбэ голын хуучин үерийн далан нь секундэд 45 м.куб усыг хүлээж авч чадаагүй.
Хамгаалалтын далан нь 100 жилд нэг удаа тохиолддог их үерээр секундэд 208 метр куб усыг өнгөрөөх ёстой. Ингэж байж үерийн далангаар ус халихгүй, аюул багатай байна гэсэн үг.
Тооцооллоор Сэлбэ голоор 2023 онд болж байсан үерээс 5-7 дахин дахин их ус орж ирнэ. Үүнээс хамгаалахын тулд хуучин шороон даланг тэгшилж, газрынхаа өндрөөс хамааран 4.5 метр хүртэл өндөртэй бетон хана босгож байна. Үерийн үеэр сэтэрсэн Сэлбэ голын баруун эргийн шороон далангийн өндөр нь 3.5 метр байсан. Буянгийн замын урд буюу S'Outlet дэлгүүрийн буурины хэсэг нам дор учраас өндөр харагдаж байгаа байх. Далангийн гадна талаар шороон дүүргэлт хийгдэх учир бүтээн байгуулалт дууссаны дараа өндөр бетон харагдахгүй.
Үерийн далангийн үндсэн бетон хийцлэлийг зургаадугаар сарын 30-нд дуусгасны дараа Сэлбэ голын эргээр иргэд амарч суух усны урсцын тохируулгатай, ногоон байгууламж, хоёр даланг холбосон гүүрэн байгууламж зэрэг тохижилтыг хийх бол далангийн гадна 2-2.3 метрийн орчимтой шороон дүүргэлт хийж, явган болон дугуйн зам тавина. Эдгээр ажлууд зураг төсөлд туссан байгаа. Харин үерийн далангийн орчимд зай байхгүй тул авто зам тавих барихгүй" гэж тайлбарлалаа.
"Престиж инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос хойш барилгажилт ихэссэнээр Сэлбэ голын голдирол нарийсаж байна. Төслийн зургийг энэхүү хүндхэн нөхцөл байдалд зориулж гаргасан.
Сэлбэ гол Дунд голтой нийлж буй уг хэсэг хана, хамгаалалт хийхгүй бол “Буянгийн зам” орчмын орон сууц байнгын усанд автах юм. Тиймээс их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байгаа юм. Зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд амарч, голын чимээ сонсож суух нөхцөлийг хангасан байхаар төлөвлөлтийг хийсэн” гэв.
"Билгүүн Монгол Констракшн" ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар “Манай компанийн хувьд 2024 оны зургаадугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Энэ хугацаанд ямар нэг байдлаар манай зүгээс технологийн алдаа гаргалгүйгээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна” гэж ярилаа.
Үерийн далангийн бүтээн байгуулалтын нийт төсөв 20.5 тэрбум төгрөг бөгөөд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар "Билгүүн Монгол Констракшн" барьж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!