ИРГЭН: Өндөр өртөгтэй зам барина гэж Туул голын бургасыг хядаж байна
Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл Туул гол дээгүүр зургаан эгнээ 32 км урт, хурдны замыг барих бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлээд буй.
Харин иргэний зүгээс авто зам барихаар Туул голын голдиролд том оврын машинууд бургас хядаж, байгаль орчноо сүйтгэж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацаж "2.3 их наяд төгрөгөөр хурдны зам барина гэж мөнгө үрж, байгалиа сүйтгэж байгааг эсэргүүцэн маргааш буюу Бямба гарагт 12:00 цагаас Маршалын гүүрэн дээр цуглаан зохион байгуулна" хэмээв.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "Туулын хурдны замын авто замын барилгын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Авто замын барилгын ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, түр замын ажлууд хийгдээд явж байна.
Олон нийтийн сүлжээнд Туулын бургасыг устгах нь гэсэн мэдээлэл гарсан. Туулын хурдны замын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүд дээр бургасыг холдуулж шилжүүлэх ажил хийгдэхгүй.
Нийт трассын уртад 10 метр өргөн түр зам гаргахаар ажиллаж байна. Үүний үндсэн дээр төмөрбетон суурийн ажлууд хийгээд явна^
Төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан юм” гэсэн тайлбарыг өглөө.
Туулын хурдны зам төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нийслэлээс санхүүжүүлнэ. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварт 207 тэрбум төгрөгийг төлнө. Гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 1.3 их наяд төгрөг. Авто замын төсөвт өртөг 581 тэрбум төгрөг. Зургаан эгнээ нэг километр хурдны авто замыг 14.7 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолжээ.
Хонконгийн "ХаоЮань групп" ХХК тус хурдны замыг барих тендерт шалгараад байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

