Уншиж байна ...

Б.Одбаяр: ТЭЦ-3-ын баруун талд Туулын хурдны замыг барих ажилчдын кэмп болон дам нуруу угсрах түр үйлдвэрийн бэлтгэл 60 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажилчдын дөрвөн кэмпийг ТЭЦ-3-ийн баруун талд барьж эхэлжээ. 

Энэ тухай Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан: Туулын хурдны замыг барихаар ТЭЦ-3-ын баруун талд, Туул голын урд хэсэгт ажилчдын байрлах үндсэн нэг, туслах гурван сэндвичин кэмпийг барьж байна. Энэ өвөл гүүрний дам нурууг цутгана. 

Туул голын ай сав газар дагуу 32 километр технологийн буюу түр зам барихаас 17 километрийг барьсан. Энэ сард түр замыг барьж дуусгах юм. Өвлийн улиралд гол дээгүүр барих гүүрэн байгууламжийн суурин хэсгийн бэлтгэл ажлыг гүйцэтгэнэ. 

НЗХГ-ын дарга Б.Одбаяр: ТЭЦ-3-ийн баруун талд 4,500 ам метр талбайд ажилчдын байрлах кэмп, оффисийн барилгаас гадна 10,000 ам метр талбайд дам нуруу цутгах үйлдвэрүүд баригдана. Ажилчдын кэмп болон дам нуруу угсрах түр үйлдвэрийг барих бэлтгэл ажлын гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна. Дам нуруу цутгах талбайнуудаа тэгшилж бэлдсэн, өнөөдөр 2,000 ам метр талбайд цутгалт хийнэ.

Гүүрэн байгууламжуудыг барихад түр зам хэрэгтэй. Одоогийн байдлаар голын ай сав дагуух гүүрэн байгууламжаас бусад түр замыг гаргаж, дуусаж байна.

Зургаан эгнээтэй хурдны замыг барихад түгээмэл тархацтай ордуудыг ашиглах бэлтгэл ажлыг хангаж байна. 

Гүйцэтгэгч байгууллагаас 120 хүний бүрэлдэхүүнтэй талбай дээр ажиллаж байна. Тоног төхөөрөмжүүд эхнээсээ ирж байгаа. Гүүрэн байгууламжуудын дам нурууг угсрах кранууд ирж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Ирэх оны гуравдугаар сард Туулын хурдны замыг барьж эхлэх бөгөөд 1,600 орчим хүн ажиллана.

Туулын хурдны зам нь нийт 10 километр гүүрэн байгууламжтай байна. Үүнээс Яармагийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл 7.2 километр гүүрэн байгууламж баригдах учраас бэлтгэл ажлыг энэ онд хангахаар ажиллаж байна. Гүүрэн байгууламжийн өндөр 14-21 метр.

Өдөрт 10-15 дам нурууг суурилуулж байж, зам хугацаандаа ашиглалтад орно. 30 метрийн урттай дам нурууг босгох юм. Харин Яармагийн гүүрний хэсэгт ган хийцлэлтэй, 65 метрийн урттай дам нурууг суурилуулна.

Барилгын ажлыг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл: Кэмпийг барих бэлтгэл ажил 60 хувьд хүрсэн. Бидний тооцооллоор 4,200 кВ цахилгаан эрчим хүч хэрэгтэй байгаа. ТЭЦ-4-өөс 1,000 кВ эрчим хүчийг авахаар гэрээгээ байгуулсан. Үлдсэн 3,200 кВ цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг яаралтай шийдэх хэрэгтэй байгаа. Дам нурууг цутгахдаа цаг агаарын байдлаас шалтгаалж, дулаалгын технологийг ашиглах юм. Ид хүйтэн эхлэхээс өмнө дам нурууны талбайг цутгана. Түр барилгуудаа барьж, технологийн горимыг алдагдуулахгүйгээр ажиллах юм хэмээн мэдээллээ.

зураг
 

Туулын хурдны замыг барих ажлыг Хонконгийн “ХаоЮань групп” компани гүйцэтгэж байгаа бөгөөд Баянзүрхийн товчооноос хот дундуур буюу Туул гол дагуу үргэлжилж, баруун аймгууд руу салдаг замтай нийлэх юм.

Нийслэлийн төсөв болон Замын сангийн 2.3 их наяд төгрөгөөр тус замыг тавихаар болсон билээ.