Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана дагуух тохижилтын ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл "Сэлбэ гол 2023 оны долоодугаар сарын 3-4-ний өдөр үерлэсэн байдаг. Тухайн өдөр цагт 38 метр.куб/секундийн хурдтай үер орж ирсэн. Сэлбэ голын голдирлоор 100 жилд нэг удаа үер болох эрсдэлийг авч үзвэл 210 метр.куб/секундийн хурдтай ус орж ирнэ. Энэ нь 2023 оны үерийнхээс тав дахин их хэмжээний ус орох эрсдэлтэй. Үерийн эрсдэлээс иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах тооцоо судалгаа хийж, Сэлбэ голд дөрвөн метрийн өндөртэй түшиц ханыг барьж эхэлсэн.
Түшиц ханыг намхан баривал Сэлбэ гол орчмын орон сууцны барилгуудыг буулгах тооцоо судалгаа гарсан тул хамгийн бага зардалтай нь түшиц хана барих шийдэл байлаа. 2023 онд хоёр өдөр болсон үерээр 34 тэрбум төгрөгийн шууд бус хохирол гарч, ойр орчмын 59 орон сууцны иргэд цахилгаан, дулаангүй болсныг санаж байгаа.
2024 оны зургаадугаар сард Сэлбэ голын үерийн хамгаалалтын байгууламжийг барих гүйцэтгэгчээр Билгүүн Монгол компани шалгарч, өнөөдрийн байдлаар түшиц ханын бетон хийцийг дуусгасан. Харин түшиц хананы дотор талд үерээс хамгаалах зориулалттай чулуун бэхэлгээг хийж байгаа бол голын урсцыг тунгалаг байлгах, иргэдийн амрах орчныг бүрдүүлэх чулуун бэхэлгээг голын суурь хэсгээр хийсэн.
Одоо голын эрэг дагуу явган хүний зам, гэрэлтүүлэг, сандлыг байршуулах зэрэг тохижилтын ажлыг гүйцэтгэж байна.
Иргэдийн зүгээс бороо орлоо гэхэд үер болчих вий гэсэн айдасгүй тайван байна, тохижилтын ажилдаа анхаарах саналыг хэлж байгаа юм" гэж мэдээллээ.
Сэлбэ голын үерийн хамгаалалтын даланг барих, тохижуулах ажлыг 2026 оны нэгдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн болохыг тэрбээр хэлэв.
Гүйцэтгэгч "Билгүүн Монгол" компанийн төслийн удирдагч Р.Дамба "2024 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс Сэлбэ голын 1,400 метр урт түшиц ханыг барих ажлыг эхэлсэн. Өнөөдрийн байдлаар цэвэр, бохир ус, үерийн хамгаалалтын инженерийн шугамыг шилжүүлэх зэргээс шалтгаалж үлдсэн 30 метр түшиц ханыг барих ажил үргэлжилж байна. 1,370 метр урт түшиц ханыг барьж дууссан.
Голын голдирол тохируулах, 80 сантиметрийн өндөртэй металл хашлага суурилуулах, чулуун бэхэлгээний ажлыг хүйтрэхээс өмнө энэ онд гүйцэтгэж дуусна.
Сэлбэ голын эргийг тохижуулахаар Геодези усны барилга байгууламжийн газар болон туслан гүйцэтгэгчээр Силла групп ажиллаж байгаа юм" хэмээн ярилаа.
Силла групп нь парк дахь Риогийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулжээ.
Силла группийн ХАБ-ын инженер "2025 оны есдүгээр сарын 3-наас Сэлбэ голын гадна болон дотор талыг тохижуулж байна.
Голын зүүн урд тал 247м.кв газрыг тохижуулж, явган хүний замыг тавьж дуусгасан. Одоо баруун талын далангийн явган хүний замыг тавихаар ажиллаж байна. Энэ жил хүйтэртэл гадна талын тохижилтыг гүйцэтгэнэ.
Ирэх оны хавраас Сэлбэ голын түшиц хананы дотор талд голын эргээр иргэдийн амарч суух ая тохитой орчныг бүрдүүлж, тохижуулна.
Одоогоор Сэлбэ гол дагуу иргэдийн алхах орчныг бүрдүүлэхээр 24 цагаар ажиллаж байна. Бидэнд санал хүсэлтээ хэлдэг иргэдэд баярлалаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!