ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Дамба: Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц ханыг барих ажил 95 хувьтай үргэлжилж байсан ч хүлээлт үүссэн

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай буюу 700 метр газарт тохируулга хийхээс 400 метр газрын ажлыг гүйцэтгэж дуусжээ.

Голын голдирол тохируулахад баруун, зүүн талдаа гурван метр чулуун бэхэлгээ, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээ хийж байгаа аж.

Энэ талаар гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн менежер Р.Дамба “Чулуун бэхэлгээ хийж, голын урсцыг сайжруулснаар лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг урсахад үр нөлөөгөө үзүүлнэ. Мөн голын суурь хөрсийг хамгаалж өгнө. Түшиц хананы бат бөх байдлыг бэхжүүлнэ” гэв.

Голын голдирол тохируулгын ажлыг үндэсний үйлдвэрийн бэлтгэсэн боржин чулуугаар хийж байгаа бөгөөд тохируулгын ажил дуусмагц голын урсцыг нээх юм байна.

Харин үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 95 хувьтай үргэлжилж байсан хэдий ч долоон байршилд шугам сүлжээ шилжүүлэх болсонтой холбогдуулан түр хугацаанд хүлээлт үүссэн талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн менежер Р.Дамба хэллээ.

Тодруулбал Шангри Ла, Сэнтрал Тауэр, Юнион Бюлдинг-д тус бүр хоёр цахилгааны кабель шугам, Ус Сувгийн Удирдах Газрын нэг кабелийг төрийн айлчлалтай холбоотойгоор түр хугацаанд салгаж, залгалт хийх боломжгүй болсон учраас хүлээгдэл үүссэн аж. Салган залгалт хийх эрх үүсэж, шугам сүлжээний ажлыг дуусмагц түшиц ханыг гүйцээн барих бөгөөд Сэлбэ голын голдирол тохируулах, чулуун бэхэлгээний ажлыг есдүгээр сарын дундуур дуусгахаар төлөвлөжээ.

Тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргээ дагасан хоёр талдаа хоёр метр 50 см өргөнтэй явган хүний замыг барих юм байна.

зураг
 
зураг