Үер усны хамгийн эрсдэлтэй байршил болох Сэлбэ голын Натур орчимд S'Outlet дэлгүүрийн буурин дээр 1.4 км урттай, 4-4.5 метр өндөр, төмөр бетон хийцтэй түшиц хана барих ажил 2024 оны зургаадугаар сарын 20-ноос эхэлсэн түүхтэй. Түшиц ханыг энэ сарын 30-н гэхэд барьж дуусгана хэмээн албаны хүн өнгөрсөн сард мэдээлж байв.
Уг ажлын явцын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэлээс тодруулахад "Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн 1,400 метр түшиц ханыг барих үндсэндээ дууссан, 98%-тай байна. 36 метр газарт хана бариагүй. Энэ хэсэг нь одоогоор дотор талын бэхэлгээний чулууг тээвэрлэх орц, гарц болж байна. Түшиц хананы зөвхөн дотор талд хананаас гурван метрийн зайтай үерээс хамгаалах чулуун бэхэлгээ хийж байгаа юм. Чулууг тээвэрлэж дууссаны дараа үлдсэн 36 метр газрын түшиц ханыг барьж, хаана.
Түшиц ханыг барьж дуусаж байгаа болохоор бороо их орсон үед үерээс хамгаална.
Хананы зүүн талаас гадна тохижилтын ажил энэ сарын 25-нд эхэлсэн. Тохижилтын ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа" гэлээ.
Түшиц хананы дотор талын чулуун бэхэлгээг “Билгүүн Монгол констракшн” ХХК гүйцэтгэж байгаа аж.
Харин тохижилтын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайханаас асуухад "Өндөр түшиц хананы гадна талаар шороон дүүргэлт хийж, ногоон байгууламж байгуулах, гол дагуу хоёр метрийн өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг, түшиц ханыг будах зэрэг ажлууд хийгдэнэ.
Үерийн далангийн тохижилтыг цаг агаарын байдал л нөлөөлөхгүй бол аль болох богино хугацаанд хийхээр төлөвлөж байна. Хамгийн цаад хугацаа нь есдүгээр сард дуусгана гэж тооцоолсон.
Зуны улиралд ажиллах хүч цөөтэй болчихдог, хөрөнгө оруулалтад бэрхшээл тулгараагүй" хэмээв.
Сануулахад үерийн хамгаалалтын байгууламжийг барих төсөв 20.5 тэрбум төгрөг бөгөөд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар "Билгүүн Монгол Констракшн" гүйцэтгэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!