"Сэлбэ голын баруун талын явган хүний зам нь авто замын түвшнээс дээш 3 метр гаруй өндөрт баригдаж байгаа"
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн дотор болон гадна талд явган хүний замыг тавих, тохижуулах ажлыг "Сила констракшн групп" компани гүйцэтгэж байгаа. Тохижилтын ажлын явцын талаар өнөөдөр танилцуулав.
"Сила констракшн групп" компанийн ерөнхий менежер н.Халиун "Бид үерийн усны барилга байгууламжийг тохижуулж байна. Газар шорооны ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн. Одоо зөвхөн голын дотор болон гадна, баруун, зүүн талыг тохижуулж байна. Ногоон байгууламжийн үрсэлгээний хөрсийг тавьж эхэлсэн. Цаг агаар шөнөдөө нэмэх градуст орсны дараа олон наст үрсэлгээг суулгана.
Одоогийн байдлаар голын баруун, зүүн талын явган хүний замыг тавьж байна. Натурын гүүрнээс урагш явган хүний зам тавих ажил үргэлжилнэ. Үүний дараа явган хүний замын бариул, малгай, чулуу засагдана.
Сэлбэ голын баруун талын явган хүний зам нь авто замын түвшнээс дээш 3 метр гаруй өндөрт тавигдаж байгаа. Ингэснээр далангийн дотор талыг харах зорилготой. Уг хэсэгт газрын байршил нь төвөгшилтэй, авто замаар тээврийн хэрэгсэл зэрэгцэж явдаг болохоор зам хаах, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зохион байгуулалтыг хийж байна" хэмээн ярилаа.
Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл "Сэлбэ голын үерийн даланг барих ажлыг 2024 оны зургаадугаар сард эхэлж, 1.4 километр урт бетонон түшиц ханыг босгож дуусгасан. Түшиц ханын дотуур бэхэлгээ хийх ажил 50 метр дутуу байна.
Голын урсгал доор 45 сантиметр ормын зузаантай том, жижиг, дунд хэмжээний чулууг асгаж, голын урсцыг тохируулж байгаа юм.
Сөүл хотын төвөөр урсдаг Чонгечон голд нэлээд тохижилтын ажил хийгдэж, голын голдирол дотроо үхэр чулуу байршуулах зэргээр иргэдийн ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Тухайн голыг сэргээж, Хан мөрнөөсөө 1,500 метрийн хоёр шугамаар ус татаж, тогтмол урсацтай байхаар тохируулсан онцлогтой. Голын түвшин өндөрсөж, үер болох эрсдэлгүй.
Харин Сэлбэ гол нь Чингэлтэй, Хайлааст, Шарга морьт, Гүнт, Бэлх, Сэлхийн амнаас орж ирж байгаа үерийн ус дамжин өнгөрдөг уулын чанартай гол. Үүнээс шалтгаалж Сэлбэ голын голдиролд хийх тохижилт, тохируулга нь өөр байх юм.
Сэлбэ голын өргөн зөвхөн далан барьсан хэсэгт 40-50 метр байна. Тохижилтын ажил зургаадугаар сард дуусна" гэж тайлбарлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
