Японд сүүлийн жилүүдэд “нас барсны дараах гэр бүл салалт” нэмэгдэх болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 11 минут
iKon.MN
Зураг зураг

Японд нас барсан эхнэр, нөхрийнхөө хамаатан саднаас хууль ёсны дагуу холбоогоо таслах боломж олгодог “нас барсны дараах салалт” хэмээх үзэгдэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.

Лхагва гарагт Никкей сонинд нийтлэгдсэн мэдээлэлд өгүүлснээр орон нутгийн засаг захиргаануудад ирсэн ийм хүсэлтийн тоо сүүлийн гурван жил дараалан нэмэгдэж, 2024 онд 4,027 хүрсэн байна.

Ийм хүсэлтийн тоо 2015 оноос өсөж, 2017 онд оргилдоо хүрсэн бол 2021 он хүртэл буураад дахин өсөж эхэлжээ.

Бэлэвсэрч үлдсэн эхнэр, нөхөр нь хадмынхаа талын хамаатан садантай хууль ёсны харилцаагаа таслах хүсэлтэй байгааг илэрхийлсэн өргөдлийг орон нутгийнхаа засаг захиргаанд ирүүлдэг.

Ингэхэд хадам эцэг эхийн зөвшөөрөл шаардлагагүй, бас тэдэнд ийм өргөдөл ирсэн талаар мэдэгддэггүй юм байна.

Гэхдээ хүүхдүүд болон тэдний өвөө эмээ нарын хууль ёсны харилцаа хэвээр үлддэг гэнэ.

2010-аад оноос нөхрөө алдсан эмэгтэйчүүд хадмуудаасаа холдож, уламжлалт эцгийн эрх давамгайлсан ёс уламжлалаас чөлөөлөгдөхийн тулд “нас барсны дараах салалт”-ын хүсэлтийг олноор гаргадаг болжээ.

Ялангуяа нөхрөө нас барсны дараа өндөр настай хадмуудаа асран хамгаалах үүргээс чөлөөлөгдөхийн тулд ингэдэг болсон байна.

Японы хүн ам хурдацтай хөгширч буй нь үүнд нөлөөлдөг гэж судлаачид үздэг.

1947-1949 оны хооронд төрсөн “Данкай үеийнхэн” буюу бэйби бүүмэрийн үеийнхэн одоо нас 80 дөхөж байгаа. Японы хүн амын статистикаас үзвэл 2024 онд 75 ба түүнээс дээш настай иргэдийн тоо 20.69 сая хүрсэн байна.

 

Эх сурвалж: Nikkei