Германы канцлерын айлчлалын өдөр Киев хотын гол гүүр Оросын агаарын цохилтод өртлөө
Сүүлийн өдрүүдэд Оросын тал Украины нийслэлийн чухал дэд бүтцүүдэд чиглэсэн агаарын довтолгоогоо эрчимжүүлж байна.
Тухайлбал Киев хотын гол гүүрнүүд сүүлийн дөрвөн өдөр дараалан Оросын нисгэгчгүй онгоцны цохилтод өртжээ.
Ням гарагийн өглөө Пивничний (Хойд) гүүр хоёр дахь өдрөө дараалан цохилтод өртөх үеэр хоёр хүн шархадсан бол Пивденний (Өмнөд) гүүр өмнөх өдрүүдэд нь хэд хэдэн удаа халдлагын бай болсон юм.
Ням гарагт Германы канцлер Фридрих Мерц гэнэтийн айлчлалаар Киев хотод ирээд байх үед сүүлийн цохилт болсон байна.
Сошиал сүлжээнд тарсан зураг, дүрс бичлэгүүд Пивничний гүүрийг дрон мөргөж, дэлбэрч байгааг харуулсан бол дараа нь гүүрний замын голд том нүх үүссэнийг харуулжээ.
Киев хотын дундуур урсдаг Днепр мөрний дээгүүр хотын баруун болон зүүн хэсгийг холбосон найман гүүр байдаг.
Өдөр бүр эдгээр гүүрээр 500,000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог байна.
Цохилтод өртсөн гүүрнүүд нураагүй ч зорчих хөдөлгөөний хэсэг хязгаарлагдсанаар хотын зарим хэсэгт замын түгжрэл үүсжээ.
Гүүрнүүдийг засварлах ажил үргэлжилж байгаа ба Киевийн эрх баригчид түр хугацаанд хөвдөг гүүр, усан тээвэр, усан доорх хонгил зэргийг хэрэглэх талаар судалж байна.
Ням гарагт нийслэлээс гадна Украины бусад бүс нутгуудад ч Оросын агаарын цохилт үргэлжилж, хүн хүч, эд хөрөнгийн хохирол учирчээ.
Ням гарагийн шөнө Оросын талаас 135 дроноор довтолсны 52 нь тийрэлтэт хөдөлгүүртэй дрон байсныг Украины агаарын хүчин мэдээлсэн байна. Эдгээрээс 125 дроныг устгаж чадсан гэнэ.
Энэ өдөр Германы канцлер Фридрих Мерц гэнэтийн айлчлалаар Киев хотод ирж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзжээ.
Тэд хамтдаа Украины амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна.
Энэ үеэр Мерц тус улсын зүгээс Украиныг тууштай дэмжихээ амлаж, сошиал хуудсандаа “Украин улс шийдвэрлэх долоо хоногуудыг угтаж байна. Тийм ч учраас би өнөөдөр ‘Та бүхэн бидэнд найдаж болно’ гэж хэлэхээр Киевт ирлээ. Германы аюулгүй байдал ч мөн энэ дайны үр дүнгээс хамаарна. Тийм учраас бид өөрийн ашиг сонирхлын үүднээс тусалж байгаа юм” гэж бичжээ.
Сүүлд Зеленский мэдэгдэлдээ 1.3 тэрбум еврогийн шинэ тусламжийн багцыг хүлээж авахаар Германы канцлертай тохиролцсоноо дурдсан байна.
“Эдгээр нь яг одоо болон ирэх өвөл манай эрчим хүчний дэд бүтцийг хамгаалахад туслах зэр зэвсгүүд юм” гэж тэр мэдэгджээ.
Мерц айлчлалынхаа үеэр өнгөрсөн долоо хоногийн эхээр Оросын дроны цохилтод өртөж, ноцтой гэмтсэн Украины Шинжлэх Ухааны Академийн байрыг үзсэн байна.
Уг цохилтын үеэр хоёр хүн амиа алдаж байв.
2025 оны тавдугаар сард Мерц канцлерын албан тушаалд томилогдсоноос хойш Герман улс Украины хамгийн том дэмжигч болсон юм.
Ням гарагт Оросын батлан хамгаалах яам Украин даяар агаарын цохилтоо цаашид улам эрчимжүүлэхийг амлажээ. Ингэхдээ үүнийг өнгөрсөн долоо хоногийн эхээр Зеленскийн хийсэн мэдэгдлийн хариу арга хэмжээ гэж тайлбарласан байна.
Зеленский тухайн үед Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн алсын зайн довтолгоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.
Бямба гарагт ОХУ-ын гадаад хэргийн яам Киев хотоос гарч явахыг гадаадын иргэд, дипломат албаны ажилтнуудад анхааруулжээ.
Хариуд нь Европын Холбооны элчин сайд Катарина Матернова “Европын Холбооны төлөөлөгчид үлдэх болно. Ийм сүрдүүлэг Украины дэмжлэгийг зогсоохгүй. Харин ч энэ нь яагаад Украинд туслах ёстойг улам бүр ойлгуулж байна” гэж Ням гарагт сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
