Монголын хөлбөмбөгийн холбоо нөхөрсөг тоглолтод оролцох бүрэлдэхүүнээ зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өнөөдөр 11 цаг 14 минут
IKON.MN
Зураг зураг

Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг удаан хугацааны дараа нөхөрсөг тоглолт хийнэ. Тодруулбал тавдугаар сарын 31-ний Ням гарагт 19:30 цагаас Сингапур, зургаадугаар сарын 5-ны Баасан гарагт 20:00 цагаас Хонконгтой талбайд нь тоглох аж.

Манай эрэгтэй шигшээ баг сүүлийн хоёр жил ямар нэгэн тоглолтод оролцоогүй. Хамгийн сүүлд 2024 оны зургаадугаар сард тивийн аваргын урьдчилсан шатанд Зүүн Тиморын шигшээ багтай хоёр тоглолт хийснээс хойш шигшээ баг цуглараагүй юм.

Тэгвэл шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдоод удаагүй байгаа итали мэргэжилтэн Марко Ражини 21 хүний нэрийг өчигдөр зарлажээ.

Бүрэлдэхүүнд Чехийн "Динамо"-д данстай довтлогч Г.Төгөлдөр, Словакийн ''Комарно"-д зүтгэдэг хагас хамгаалагч Г.Ганбаяр, Тайванийн "Тайчунг Футуро"-гийн хамгаалагч О.Мөнх-Оргил, Малайзийн "Негери Симбелан"-д тоглодог Филип Чинзориг зэрэг тоглогчид багтжээ.

Мөн Англи болон Испанид хөлбөмбөгийн академид суралцаж байгаа найруулагч "Херо" Б.Баатарын хүү Б.Хабул шигшээ багт багтсан байна. Тэр энэ жил 17 настай юм.

зураг