"Наадмын үеэр таван хүүхэд уралдааны мориноос унаж гэмтсэн"
Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2026 оны долдугаар сарын 10-13-ны хооронд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ) болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийт 2,006 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 1,251, 0-18 насны хүүхэд 755 байв.
Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 370 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 230, 0-18 насны хүүхэд 140 байна.
Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 74 байгаагаас 0-9 насны хүүхэд 13, 10-18 насны хүүхэд 21 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн таван хүүхэд байгаа юм.
Төв болон салбар эмнэлэгт нийт 84 хүнд яаралтай мэс засал, 67 хүнд төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүллээ гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Харин наадмын дараах эхний өдөр буюу энэ сарын 14-ний өдөр тус эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын найман цагт бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж байгаа бөгөөд төв болон салбар эмнэлгийн амбулаторийн тасагт нийт 150 хүнд үзлэг, боолт эмчилгээ хийсэн бол яаралтай мэс засал 4, төлөвлөгөөт 67 мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт нийт 22 өвчтөн байгаагаас насанд хүрэгсэд 17, хүүхэд 5 байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
