Ормузын хоолойгоор нэвтрэх хөлгүүдээс 20 хувийн татвар авах санаанаасаа Трамп нэг өдрийн дараа татгалзлаа
Ираны боомтуудын тээврийн урсгалыг хаах тэнгисийн бүслэлтээ сэргээж, Ормузын хоолойгоор нэвтрэх бүх ачаа тээврийн хөлгүүдээс 20 хувийн татвар авах шийдвэрийг Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлаж байв.
Тэрбээр Ормузын хоолойгоор зорчих хөлгүүдийн аюулгүй байдлыг хангасныхаа зардлыг нөхөхийн тулд ийм татвар тогтоож байгааг тайлбарласан юм.
Гэвч Мягмар гарагт тэрбээр Персийн булангийн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулахаар болсон тул 20 хувийн татвар авах санаанаасаа татгалзаж байгааг зарлажээ.
Трампын шийдвэр АНУ-Ираны хооронд мөргөлдөөн эрчимжиж, Ираны тал Ормузын хоолойг дахин хаасны дараа гарсан юм.
Мягмар гарагт АНУ-ын зэвсэгт хүчний төв командлал “Ормузын хоолойгоор зорчих арилжааны хөлгүүдэд халдах Ираны чадавхыг бууруулах зорилготой агаарын цохилтуудаа үргэлжлүүлсэн” тухай мэдээлжээ.
Хариуд нь Техраны эрх баригчид Бахрейн, Йордан улсуудын нутаг дэвсгэрт оршдог АНУ-ын цэргийн байгууламжуудад довтолсноо зарласан байна.
Трамп өчигдөр “Персийн булангийн орнуудын АНУ-тай байгуулах худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон гэрээгээр 20 хувийн хураамж авах төлөвлөгөөгөө солихоор шийдлээ” гэж сошиал хуудсандаа бичжээ.
“АНУ-д хийх эдгээр хөрөнгө оруулалтуудын хэмжээ асар том байх бөгөөд нөгөө талаар тухайн улс орнуудад, тэдний ирээдүйд бас маш сайн нөлөөтэй байх болно” гэж тэр цааш нь тайлбарласан байна.
Трамп мөн Ормузын хоолой цаашдаа Иранаас бусад бүх улс орнуудын ачаа тээвэрлэлтэд нээлттэй байхыг амлаад “АНУ-ын цэргийн гайхалтай хүч чадлын ачаар газрын тос урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээгээр урсах болно” гэж мэдэгджээ.
Тэрбээр Персийн булангийн орнуудын удирдагчдаас олон тооны дуудлага хүлээж авсныхаа дараа 20 хувийн татвар авах төлөвлөгөөнөөсөө татгалзсаныг дахин тайлбарласан юм.
АНУ өмнө нь дөрөвдүгээр сараас хойш зургаадугаар сарыг хүртэл хугацаанд ойролцоогоор таван долоо хоногийн турш Ираны боомтуудын ачаа тээврийн урсгалыг хаах тэнгисийн бүслэлтийг Ормузын хоолойн гадна талд хэрэгжүүлж байлаа.
Энэ хугацаанд тэд 100 орчим ачааны хөлгийг замаас нь буцааж, бүслэлтийг зөрчихийг оролдсон дөрвөн хөлгийг идэвхгүй болгосноо мэдээлж байв.
Зургаадугаар сард Ираны талтай харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа Трампын засаг захиргаа тэнгисийн бүслэлтээ зогсоосон юм.
Гэвч талуудын зөрчил мөргөлдөөн намжаагүй тул сар хүрэхгүй хугацааны дараа АНУ бүслэлтээ дахин сэргээж байна.
Персийн буланг Энэтхэгийн далайтай холбодог Ормузын хоолойгоор дайн эхлэхээс өмнө дэлхийн газрын тосны нийт тээвэрлэлтийн 25 хувь, шингэрүүлсэн байгалийн хийн нийт тээвэрлэлтийн 20 хувь дамжин өнгөрдөг байв.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны нутагт агаараас довтолж эхэлсний дараа уг ачаа тээврийн урсгал бараг зогссон нь дэлхий дахины эдийн засагт томоохон хямрал үүсгээд байна.
Өчигдөр бас Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “хэрвээ Ираны тал манай улсад түрүүлж халдвал хариу цохилт нь маш хүчтэй байх болно” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
