ОХУ-ын нэг бүс нутгийн албан хаагчид түлш шатахуун хэмнэх зорилгоор автомашинаас унадаг дугуйнд шилжихээр болжээ

Т.Давааням, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ-ын өмнөд хязгаарын Ставрополь мужийн захирагч Украины агаарын цохилтын улмаас бензин шатахууны хомсдол үүссэнтэй холбогдуулан захиргааны ажилтан, албан хаагчдыг автомашинаас унадаг дугуйнд шилжүүлэх шийдвэр гаргаж байгааг Мягмар гарагт мэдэгджээ.

Бас Мягмар гарагаас эхлэн Ставрополь мужийн төвөөс гадагшаа томилолтоор ажиллах албан хаагчдын тээврийн зардлыг захирагч Владимир Владимиров өөрөө биечлэн шалгаж, зөвшөөрөл өгөх журамтай болсон байна.

“Хот дотор та бүхэн алхах, эсвэл дугуй унах хэрэгтэй. Ажлаа төлөвлөхдөө бензин шатахууны хэрэглээг хамгийн бага байхаар тооцоорой. Тиймээс маргаашаас эхлэн автомашинаас татгалзана уу” гэж тэр төв захиргааны байранд болсон шуурхай хурлын дараа Телеграм сувгаараа мэдэгджээ.

Сүүлийн хэдэн сарын турш газрын тосны үйлдвэрүүд, дэд бүтцийг чиглэсэн Украины агаарын цохилтууд эрчимжсэн нь Оросын олон бүс нутгийг бензин шатахууны хомсдолд оруулаад байгаа.

Мужийн хэмжээнд шатахууны хангамж “маш муу” нөхцөл байдалтай байгааг Владимиров өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр бензиний худалдан авалтад автомашины улсын дугаар, QR код ашиглан хязгаар тогтоох арга нь түгээх станцуудын дарааллыг нэмэгдүүлэхээс өөр нэмэргүй тул ухамсраараа хэрэглээгээ хязгаарлах аргад илүү найдаж байгаагаа тайлбарласан байна.

Долдугаар сарын 13-ны шөнө Украины дронууд Ставрополь мужийн Шпаковский дүүргийн газрын тосны нөөцийн байгууламжид халдсаны дараа орон нутгийн эрх баригчид онц байдал зарласан юм.

Тухайн байгууламж өмнө нь долдугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө бас Украины цохилтод өртсөн бөгөөд үүнээс үүдэлтэй гарсан гал түймрийг унтраахад бүтэн өдөр зарцуулж байжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times