Эпштейнтэй нэр холбогдсон Билл Гэйтсийн санд тэрбумтан Уоррен Баффет хандив өгөхөө зогсоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн дундуур Америкийн тэрбумтан Уоррен Баффет буяны үйлсэд ямар хэмжээний хөрөнгө хандивлаж байгаагаа зарладаг уламжлалтай.

Өчигдөр буюу Мягмар гарагт тэр ээлжит төлөвлөгөөгөө зарлахдаа сүүлийн 20 жилийн турш хамтран ажилласан тэрбумтан Билл Гэйтсийн сангийн нэрийг дурдалгүй алгассан байна.

Баффет энэ удаа Berkshire Hathaway компанийнхаа Class B ангиллын 12 сая ширхэг хувьцаанаас бүрдсэн $6 тэрбум орчимтой тэнцэх хөрөнгийг өөрийн охин Сюзи, хөвгүүд болох Ховард, Питер нарын удирддаг гэр бүлийнхээ дөрвөн санд хандивлаж байгааг зарлажээ.

Ингэхдээ 95 настай тэрбумтан 2006 оноос хойш нийтдээ $47 гаруй тэрбумыг хандивлаж байсан Gates Foundation сангийн нэрийг хандив хүлээн авагчдын жагсаалтаас хассан юм.

Харьцуулбал ижил хугацаанд Баффет өөрийн гэр бүлийн сангуудад нийт $17 гаруй тэрбумыг хандивлаж байжээ.

“Мэдээж, хэзээ үхэхээ урьдчилан хэлэх боломжгүй ч надад үлдсэн бүх хувьцаа 2034 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд дээрх дөрвөн санд бүрэн хуваарилагдсан байх болно” гэж Баффет мэдэгдсэн байна.

Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын хууль зүйн яам бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримтуудыг нийтэд ил болгосны дараа 70 настай Билл Гэйтсийн нэр хүнд огцом унасан юм. Гэхдээ тэр одоогоор ямар нэг гэмт хэрэгт буруутгагдаагүй байгаа.

Баффет, Гэйтс нар урт удаан хугацаанд дотно найзууд байсан бөгөөд Небраска мужийн Омаха хотод жил бүр зохион байгуулагддаг Berkshire Hathaway компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд заримдаа хамтдаа оролцдог байв.

Гэвч Эпштейний баримтууд нийтлэгдсэнээс хойш тэдний холбоо тасарсан гэдэг.

Өнгөрсөн 2025 онд Баффет өөрийн хөрөнгөөс $4.5 тэрбумыг Гэйтсийн санд, харин гэр бүлийнхээ сангуудад $2.8 тэрбумыг хандивлаж байжээ.

Баффет 2006 оноос хойш жил бүр Гэйтсийн санд хөрөнгө хандивлаж эхэлсэн юм.

Gates Foundation нь бүх хөрөнгийнхөө талаас багагүй хэсгийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зарцуулах хүсэл эрмэлзэлтэй дэлхийн тэрбумтнуудыг нэгтгэдэг байгууллага.

Баффет нас барсных нь дараа түүнд үлдсэн бүх хөрөнгийн 99.5 хувийг хүүхдүүдийнхээ хариуцдаг сангуудад хариуцуулахаар гэрээслээд байгаа.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт хөрөнгийнхөө талаас илүү хэсгийг буяны сангуудад хандивласан юм.

Өчигдрийн хандиваас өмнө Баффет өөрийн үүсгэн байгуулсан Berkshire компанийнхаа 14 хувийг эзэмшиж байсан нь ойролцоогоор $147 тэрбумтай тэнцэх хэмжээний хөрөнгө ажээ.

Өчигдөр тэрбээр Class B ангиллын 9 сая хувьцаагаа охиныхоо удирддаг Susan Thompson Buffet Foundation санд, тус бүр нэг сая хувьцааг хөвгүүдийнхээ удирддаг Sherwood Foundation, Howard G. Buffet Foundation, NoVo Foundation сангуудад хандивласан байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслүүдийг санхүүжүүлдэг Susan Thompson Buffet Foundation санг түүний охин Сюзи Баффет удирддаг бөгөөд тэрбээр уг сангаа өөрийн ээж, Уоррен Баффетын анхны гэргийн нэрээр нэрлэсэн юм.

Sherwood сан нь Небраска мужийн ашгийн бус байгууллагууд болон бага насны хүүхдийн боловсролыг дэмждэг.

Howard G. Buffet сан дэлхий дахины өлсгөлөн, хүний наймаа, мөргөлдөөнийг бууруулах үйлсэд анхаарлаа төвлөрүүлдэг. HoVo сан нь нийгмийн эмзэг бүлгийн охид, эмэгтэйчүүд, уугуул иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлдэг байна.

Гэйтс 16 жилийн турш Berkshire Hathaway компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байгаад 2020 онд огцорч байв.

2021 онд Гэйтс эхнэр Мелиндагаасаа салахаар болсны дараа Баффет бас Gates Foundation сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албан тушаалаасаа татгалзаж байжээ.

Berkshire Hathaway бол $1.07 их наядын хөрөнгөтэй аварга том компани бөгөөд Geico автомашины даатгал, BNSF төмөр зам, Dairy Queen, Fruit of the Loom зэрэг компаниудыг эзэмшдэг бөгөөд Apple, American Express, Google-ийн эцэг компани Alphabet зэрэг томоохон компаниудын хувьцааг эзэмшдэг юм.

 

Эх сурвалж: Reuters