ФОТО: "Одонгоо авч байх үед хамгийн түрүүнд ээжийгээ бодлоо"

П.Сайнжаргал, IKON.MN
Өнөөдөр 11 цаг 51 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 12,306 ээж хүртэж байна. 

“Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, талархал илэрхийллээ.

Өнөөдөр Алдарт эхийн одон хүртсэн эхчүүдийн төлөөлөл дуучин Э.Агиймаа "Хамгийн түрүүнд одонгоо авч байх үед би ээжийгээ бодлоо. Ээжийгээ их саналаа. 

Би 23 настайдаа ээж болж байсан. Тухайн үед учраа мэдэхгүй, сандарч явснаа санаж байна. Одоо бодоход сайхан санагдаж байна. Миний том хүү одоо 14 настай, бага нь ой найман сартай. Үр хүүхдүүдээсээ өдөр бүр аз жаргал, баяр баяслыг мэдэрч байна.  

Аав, ээж, хань ижил, ах, дүү нартаа баярлалаа. Энэ ташрамд нөхөртөө баяр хүргэе. Узбекистан улсын холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 77 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн. Ханьдаа улам их амжилт хүсье. Үргэлж түшиг тулгуур минь болдог чамдаа баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Мөн "Ерөнхийлөгч намайг хараад ямар өндөр ээж вэ гэсэн. Мэдээж гэр бүлд маань сайн сайхныг хүссэн. Үр хүүхдүүдээ сайн өсгөж эх орондоо хэрэгтэй хүн болгоорой гэж захисан" гэлээ.   

Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 33-39 настай байна.
ФОТО: