Уншиж байна ...

Эваристе Коуасси Комлан: Монгол гэр бат бөх дулаанаа хадгалж, түлшний хэрэглээ багассан үр дүн гарлаа гэж харж байна

Д.Янжиндулам, ikon.mn
36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Гандан, Телевиз, Баянхошуу орчмын буюу Чингэлтэй дүүргийн 10, 11, 13 дугаар хороо, Баянгол дүүргийн 11, 16 дугаар хорооны 5,000 өрхийг хийн халаагуурт шилжүүлэхээр гэр, байшин сууцны дулаалгын ажлыг өрнүүлж буй.

Монгол гэрт амьдардаг айлуудын дулаалгыг нийслэл, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж байгаа билээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж, гэрийн дулаалгын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан "Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багцын нэг болох гэрийн дулаалгын багцыг ашиглаж хуучин дулаалгыг шинэ технологи ашиглан сайжрууллаа. Ингэснээр гэрт бат бөх дулааныг хадгалж, түлшний хэрэглээ багассан үр дүн гарлаа гэж харж байна. Энэ нь том амжилт юм. Иргэд түлшний хэрэглээ бараг тал хувиар буурсан гэж хэллээ. Мөн гал түлэх давтамж багассан. Өмнө нь шөнө босож галладаг байсан бол одоо өглөө 06:00 цагт сэрж галладаг болсон байна. Тиймээс энэ бол маш том ахиц юм.

Гэрийн дулаалга нь дулааны алдагдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 1,300 орчим айлд энэхүү дулаалгын багцыг хүргэсэн. Нийслэлтэй байгуулсан түншлэл цаашид илүү олон монгол гэрийн дулаалгыг сайжруулан ажиллана. Энэ хөтөлбөрийн чухал хэсэг нь дотоод орчны агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах явдал юм.

ЧИП багцаар гэрээ дулаалсан эмэгтэй хэлэхдээ "Хүүхдүүд өмнөх шигээ ойр ойрхон өвдөхөө больсон" гэсэн Мөн гэр илүү тав тухтай болсныг харлаа. Хүүхдийн эрүүл мэндийн хувьд дэвшил гарсан. Энэхүү багцыг үргэлжлүүлэн ашиглаж гэрийн дулаалгыг сайжруулснаар хүүхдүүд илүү тав тухтай амьдарч амьсгалын замын өвчин багасна гэж бид үзэж байна. Цаашид үргэлжлүүлэн ажиллана. Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд олон гэрийг дулаалж чадвал илүү үр дүнд хүрнэ гэж итгэж байна" гэлээ.

Дулаалгаа хийж дууссан айлуудад Хятад улсад үйлдвэрлэсэн хийн халаагууруудыг суурилуулж байгаа аж. 

Монгол гэрт амьдарч байгаа айлд суурилуулсан LPG буюу шингэрүүлсэн хийн түлшний нэг баллонд 10 багтаамжтай бөгөөд нэг литрийг нь 2,500 төгрөгөөр худалдах юм байна.