АНУ-ын Spirit Airlines дампуурлаа зарласнаар агаарын тээврийн салбарт Ираны дайны анхны хохирогч болов
Агаарын тээврийн Spirit Airlines компани Трампын засаг захиргаанаас $500 саяын тусламж авах яриа хэлэлцээ нь мухардсаны дараа үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоож байгааг Бямба гарагт зарлажээ.
Сүүлийн жилүүдэд дампуурах эрсдэлтэй болоод байсан тус компанийн нөхцөл байдлыг АНУ-Ираны дайнаас үүдэлтэй түлш шатахууны үнийн өсөлт улам хүндрүүлсэн байна.
“Spirit-ийн бүх нислэг зогссон тул зорчигчид нисэх буудал руу явах хэрэггүй боллоо” гэж тус компани Бямба гарагийн өглөө мэдэгджээ.
Зорчигчдынхоо тийзийн төлбөрийг буцаахаа амласан ч нислэг цуцлагдсантай холбоотой зочид буудалд байрлах, нислэгээ солих зэрэг бусад зардлыг төлөх боломжгүй байгаадаа харамсал илэрхийлсэн байна.
“2026 оны гуравдугаар сард бид бонд эзэмшигчидтэйгээ бизнесийг цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай өөрчлөлтийг нэвтрүүлэхээр тохиролцоод байсан юм. Гэвч сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд түлш шатахууны үнэ гэнэт, тасралтгүй өссөн нь биднийг үйл ажиллагаагаа зогсоохоос өөр сонголтгүй болголоо” гэж компанийн гүйцэтгэх захирал Дэйв Дэвис мэдэгджээ.
Гэвч АНУ-ын тээврийн сайд Шон Даффи үүнийг няцаасан байна.
“Spirit компани Ираны дайнаас ч өмнө хүнд байдалтай байсан. Тэдний бизнес загвар ажиллаагүй. Дайн үүнд хамаагүй” гэж сайд хэлсэн байна.
Spirit Airlines-ийн мэдэгдэл гэнэтийн байсан тул олон мянган зорчигч хүнд байдалд оржээ. Delta Airlines, United Airlines, American Airlines, Frontier Airlines зэрэг АНУ-ын агаарын тээврийн бусад компаниуд хохирсон зорчигчдод туслах санаачилга гаргаж эхэлсэн байна.
Агаарын тээврийн компаниудын урсгал зардлын 40 орчим хувийг түлшний зардал эзэлдэг гэдэг. Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн АНУ-Ираны дайны улмаас энэ зардлын хэмжээ нь хоёр дахин өссөн байна.
Тиймээс Ираны дайнаас үүдэлтэй түлшний үнийн өсөлт Spirit Airlines-ийн “авсны тагийг хадах сүүлчийн хадаас болсон” гэж салбарын шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
