МХБ зах зээл үүсгэгчийн анхны бүртгэл, хамтын ажиллагааны гэрээг Голомт Капитал ХХК-тай байгууллаа

ikon.mn
47 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Нийт захиалгын 77.7 хувь биелээгүй байгаа нь хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээл үүсгэгчийн тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх шаардлагыг харуулж байна.

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК нь “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд Голомт Капитал ХХК-тай зах зээл үүсгэгчийн анхны бүртгэл, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Зах зээл үүсгэгчийн үндсэн зорилго нь үнэт цаасны арилжаанд худалдан авах, худалдах үнийн саналыг тогтмол байршуулж, зах зээл дээр эсрэг талын саналын хүртээмжийг нэмэгдүүлэх, захиалгын биелэлтийг сайжруулах, үнэ тогтоолтыг илүү бодитой, ил тод болгоход оршино.

МХБ-ийн арилжааны системийн 2026 оны 1 дүгээр сарын 2-ноос 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх өгөгдлөөр нийт 661,151 захиалга бүртгэгдсэнээс 147,232 захиалга биелж, 513,919 захиалга биелээгүй байна. Өөрөөр хэлбэл нийт захиалгын 22.3 хувь нь биелж, 77.7 хувь нь биелээгүй байгаа нь зах зээл дээр хөрвөх чадвар, захиалгын сангийн гүн, тасралтгүй үнийн санал хангалтгүй байгааг харуулж байна.

Энэ нөхцөлд зах зээл үүсгэгчийн тогтолцоог нэвтрүүлэх нь хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг бодит үнэд ойр нөхцөлөөр худалдан авах, худалдах боломжийг нэмэгдүүлэх, арилжааны идэвхийг өсгөх, зах зээлийн итгэлийг сайжруулах бодит хэрэгсэл юм.

зураг
 

Голомт Капитал ХХК нь энэхүү тогтолцоонд анхлан оролцож буй үнэт цаасны компани болж байгаа бөгөөд тус хамтын ажиллагаа нь зах зээл үүсгэгчийн механизмыг бодит арилжаанд хэрэгжүүлэх эхний жишиг алхам болж байна.

МХБ-ийн хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр” нь зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна шорт арилжаа, үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх, өгөгдөл ба мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хамарч байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд зах зээл үүсгэгчийн оролцоо нэмэгдсэнээр захиалгын биелэлтийн түвшин өсөх, арилжааны идэвх нэмэгдэх, үнэ тогтоолтын чанар сайжрах, хөрөнгө оруулагчдын зах зээлд орох, гарах боломж илүү хялбар болох, улмаар үнэт цаас гаргагчдын хөрөнгө татах орчин илүү үр ашигтай болох хүлээлттэй байна.

МХБ цаашид зах зээлийн оролцогч талуудтай хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлүүдийг үе шаттай хэрэгжүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийг илүү идэвхтэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй зах зээл болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж