Хятад улс Африк тивийн нэгээс бусад бүх улсын импортын татварыг тэглэв
Хятад улс тавдугаар сарын нэгнээс буюу Баасан гарагаас эхлэн Эсватинигээс бусад Африк тивийн бүх улсын бараа бүтээгдэхүүний импортын татварыг тэглэжээ.
Эсватинийг ялгасан нь тус улс Тайваньтай дипломат харилцаатай тус тивийн цорын ганц улс байгаатай холбоотой юм байна.
2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Хятад улс Африк тивийн хамгийн хөгжил буурай 33 улсыг импортын татвараас чөлөөлөөд байжээ.
Тэгвэл одоо 53 улс хамрагдсан энэхүү хөнгөлөлт 2028 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Үүнээс цааш ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Хэдийгээр Бээжингийн эрх баригчид Африк тивийн орнуудтай нэг талын тэг татвартай болсон анхны том гүрэн болсноо зарлаж байгаа ч энэ нь Хятад-Африкийн худалдааны тэнцвэргүй байдлыг өөрчлөхгүй гэж барууны ажиглагчид үзэж байна.
Тухайлбал Хятадаас Африкт гаргаж буй экспортын хэмжээ Африкаас Хятад руу чиглэсэн экспортын хэмжээнээс хол даваад байгаа.
Өнгөрсөн онд Африк тивийн Хятадтай хийсэн худалдааны алдагдал 65 хувиар өсөж, $102 тэрбумд хүрчээ.
Африкаас Хятад руу гаргадаг экспортод түүхий газрын тос, металлын хүдэр зэрэг эрдэс баялаг, түүхий эд давамгайлдаг.
Тиймээс Африк тив дэх Хятадын гол худалдааны түншүүд нь Ангол, Ардчилсан Конго, Өмнөд Африк зэрэг уул уурхайд тулгуурласан эдийн засагтай орнууд байгаа юм.
“Африкийн олон оронд үйлдвэрлэлийн хүчин чадал сул, ложистик хөгжөөгүй, түүхий эдийн экспортоос хамааралтай байгаа тул худалдааны тэнцвэргүй байдлыг зөвхөн импортын татварын бууралтаар шийдвэрлэх боломжгүй” гэж Oxford Economics Africa байгууллагын улс төрийн шинжээч Жэрвин Найду хэлжээ.
Далайд гарцгүй бяцхан хаант улс Эсватинигийн хувьд Хятадын татварын хөнгөлөлтийн гадна үлдсэн нь эдийн засгийн хувьд төдийлөн ач холбогдолгүй, улс төрийн зорилготой алхам гэж ажиглагчид үзэж байна.
Тайваньтай дипломат харилцаатай дэлхийн ердөө 12 улс байдгийн нэг нь Эсватини юм. Өнгөрсөн сард Тайванийн ерөнхийлөгч Лай Чин Тэ тус улсад хийх айлчлалаа цуцалсан нь Африкийн өөр гурван улс Сейшелийн арлууд, Маврики, Мадагаскар түүний онгоцыг нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрүүлэхээс татгалзсантай холбоотой байлаа.
Тайванийн тал эдгээр улсуудыг Хятадын эдийн засгийн дарамт шахалтад орсны улмаас ийм шийдвэр гаргасан хэмээн буруутгаж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

