Г.Жанлавцогзол: Дамбадаржаагийн дулааны станцын зуухнуудын туршилт, тохируулгыг есдүгээр сард хийнэ
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн ажлын хүрээнд 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцыг барьж буй. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 50 хувьд хүрчээ.
Ажлын явцын талаар Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Бид Дамбадаржаагийн дулааны станцын талбайд ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг станцын барилгын ажлыг 2025 оны гуравдугаар сард эхлүүлсэн.
Станцын барилга үндсэн зуух болон бусад 19 туслах барилга байгууламжаас бүрдэж байна. 2025 онд бүх барилгын суурийг хийж дууссан. Энэ оны гуравдугаар сарын 15-наас ажил үргэлжилж, барилгуудын металл хийцийг угсарч байна. Бүх талбарт ажил зэрэг эхэлсэн. Нийт 75 машин үндсэн болон туслах тоноглол оруулж ирэхээс өнөөдрийн байдлаар 43 машин ачааг нийлүүлсэн. Тоноглол угсрах ажил үргэлжилж байна.
Мөн Замын-Үүдээс 17 машин сэндвич тээвэрлэж байгаа. Тавдугаар сарын 15-нд зуухны барилгаас бусад барилгын сэндвичийг хийж дуусна. Есдүгээр сард үндсэн барилга угсралтын ажлыг дуусгаад, зуухны туршилт тохируулгын ажлыг үргэлжлүүлэн хийнэ” гэлээ.
Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын бүсэд Дамбаржаа дулааны станцыг ашиглалтад оруулснаар Дамбадаржаа дэд төв болон Сэлбэ дэд төвд нийт 63 МВт дулаан хангамжийг нийлүүлэх бөгөөд дулааны станцыг аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
